Зураг
Зураг
Б.ОРГИЛ: ДОЛЛАР БОЛГОНЫ ЦААНА ИННОВАЦИ, ДЭВШИЛ ЗААВАЛ ҮЛДЭЖ БАЙДАГ    
1
2
3

Б.ОРГИЛ: ДОЛЛАР БОЛГОНЫ ЦААНА ИННОВАЦИ, ДЭВШИЛ ЗААВАЛ ҮЛДЭЖ БАЙДАГ

Ч.Болортуяа
2015 оны 9 сарын 16
iKon.MN
Б.ОРГИЛ: ДОЛЛАР БОЛГОНЫ ЦААНА ИННОВАЦИ, ДЭВШИЛ ЗААВАЛ ҮЛДЭЖ БАЙДАГ
Зураг

"Өглөөний хүн" булангийн шинэхэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. 

Монголчууд бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, дээдлэн шүтэж ирсэн ард түмэн. 

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн их баялаг, онгон байгалиа үр хойчдоо үлдээх ёстой ч өнөөдөр ухаалгаар ашиглаж илүү сайхан боломжийг ирээдүйд үлдээх үүрэг бидэнд оногдож буй мэт. 

Тиймээс ч эх дэлхийн хишгийг хэрхэн ухаалаг ашиглаж, хайрлан хамгаалах талаар судлаач Б.Оргилтой ярилцсан юм.

Б.Оргил нь олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжсэн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах тогтвортой хөгжлийн чиглэлийн 60 орчим сая ам.долларын төсөв бүхий төсөл хөтөлбөрүүдэд 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж, эдгээр хөрөнгө оруулалтыг Монгол Улсад шингэхэд гар бие оролцсон нэгэн билээ. 

Мөн түүний ярианаас та бүхэн байгаль орчны салбарт хийгдэх гэж буй хамгийн өндөр дүнтэй төсөл болоод эдгээр гадаадын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр оролцогч талуудад, тухайн салбарт мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй олон дэвшлийг үлдээж буй талаар уншаарай. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Б.Оргил @OrgilBatsukh

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

Энэхүү ярилцлагыг Улаанбаатар хотын хамгийн өндөр цэг болох  "BEST WESTERN PREMIER TUUSHIN" зочид буудлын 25 давхарт хийлээ.

 

"БАЙГАЛЬ ОРЧИН ГЭДЭГ БОЛ ХИЛ ХЯЗГААРГҮЙ ОЙЛГОЛТ"

 

 

- Байгаль орчны салбарыг төлөөлөн анх удаа "Өглөөний хүн" буланд ярилцлага өгч байгаад талархалтай байна.
- Баярлалаа. 

- Таны мэргэжлийг яг юу гэж тодорхойлох ёстой вэ?
- Байгалийн нөөцийн менежмент. 

Магистрын судалгааны ажлаа Байгалийн нөөцийн менежментэд Газар зүйн мэдээллийн систем, Тандан судалгааг ашиглах нь чиглэлээр хамгаалсан. Энэ нь ямар нэгэн төлөвлөлтөд ашигладаг арга хэрэгслийг хэлдэг. Ерөнхийдөө газартай холбоотой салбар шинжлэх ухаан буюу хот төлөвлөлт, геологи, уул уурхай, байгаль орчин, гэр хороолол төлөвлөлт зэрэгт ашиглагддаг арга хэрэгсэл юм.

Олон улсад өнөөдөр хот төлөвлөлтийг  хийхдээ шийдвэр гаргагчид улс төрийн өнцгөөс бус харин энэхүү технологи дээр үндэслэж гаргаж байна. Мөн эмнэлэг, сургууль барихад хүртэл ойролцоох тойрогт хэдэн сургуулийн насны хүүхэд байна гэх мэтээр бүх л салбарт хөрвөдөг шинэ дэвшилтэт технологи гэсэн үг. 

Манай улсын хувьд энэ арга хэрэгслийг  ашиглах тал дээр шинэ шатанд яваа. Учир нь өгөгдлөө цахимжуулахад маш их хүч хөрөнгө шаарддаг. Харамсалтай нь өнөөдөр манайд энэ технологийг хангалттай хэрэглэхгүй байгаа нь өгөгдөл нь цахимжаагүй бас хэрэглэж сураагүй л байна.

- Та өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон төсөл, хөтөлбөр дээр ажилласан юм билээ. Эдгээр төсөл дотор чинь дээр дурдсан мэдээллийг цахимжуулах тал дээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр байсан шүү дээ. 
- Тийм ээ. Миний ажиллаж байсан төсөл, хөтөлбөрүүдийн хувьд бүгд л ямар нэгэн тогтолцоог  нь өөрчлөхөд чиглэгдэж байсан. 
Тогтолцоог өөрчлөх гэж байгаа учраас нэн тэргүүнд эрх зүйн орчны шинэчлэл заавал хийнэ. Дараа нь барилга байшин зэрэг дэд бүтцийг нь сайжруулна. Технологийн шинэчлэл хийнэ, тэгэхээр дагаад хүнийхээ чадавхыг дээшлүүлнэ гээд цааш хөвөрнө. Өөрөөр хэлбэл тухайн салбарыг бүхэлд нь хамрах цогц хөрөнгө оруулалт хийгддэг. 

- Та энэ мэргэжлийг яагаад эзэмших болов. Яг таны мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хүн Монголд олон уу?
- Байгал орчны мэргэжилтэн гэдгийг өмнө их явцуу хүрээнд тухайлбал ойн цагдаа л гэж ойлгож байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын жишгээр олон чиглэлд нарийн мэргэшиж байна. Дэлхийн дулаарал, цөлжилт, уул уурхайн асуудалтай холбоотойгоор энэ мэргэжил олон чиглэлд мэргэших шаардлага бий болсон. 

Байгалийн баялгийн ашиглалттай холбоотой асуудал үүсэх үед энэ мэргэжлийн улс зохистой хэрэглээг хангах тал дээр мэргэжлийн зүгээс анхаарал хандуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид зөвшөөрөгдөх талбайд өнөөдөр баялгаа ашиглахаар болсон бол маргаашдаа энэ хэмжээгээр нь үлдээхийн тулд мэргэжлийн арга зүйгээр оролцдог гэсэн үг. Харамсалтай нь заримдаа энэ зохицол алдагдаж уул уурхайн салбарын эсрэг ажилладаг мэтээр ойлгогдоод байна.  

Миний хувьд аав, ээжийнхээ мэргэжлийг сонгосон гэж хэлж болно. Аав, ээж  маань хоёулаа хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн хүмүүс. Аав маань бэлчээрийн хөрсний чанарыг сайжруулдаг тэжээлийн олон наст Царгас гэж ургамлыг тариалж, үрийг нь үйлдвэрлэж Монгол орны нийт хэрэгцээг хангаж байсан. Тухайн үедээ Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд томилолт авч ажиллаж байсан. Ээж маань ч мөн бэлчээрийн чиглэлээр мэргэшсэн хүн. Ингэж аав, ээжийгээ дагаж явсаар гэр бүлийнхэн маань бүгдээрээ л байгаль орчны хүмүүс болсон байна. 

- Та магистрын зэргээ Нидерландын Вант улсад хамгаалсан ч судалгааныхаа ажлаа Италид хийсэн юм билээ. Энэ судалгааныхаа тухай ярихгүй юу?
- Эх орондоо судалгааны ажил хийх боломж байсан ч өөр орныг сонгох нь сонирхолтой байсан. Энэ ажлынхаа хүрээнд сансрын тодорхой давтамжтай зургуудыг хооронд нь харьцуулалт хийгээд орон зайн статистикийн загварчлал гаргасан юм. Италид тохиолдож байгаа бэрхшээл манайхаас эсрэгээрээ байх жишээтэй. 

 

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Италийн олон мянган тариачин, малчид АНУ руу дүрвэсэн байдаг. Тэдний тариалангийн талбай, малын бэлчээр тэр чигээрээ үлдсэн гэсэн үг. Орхиод явсан газарт байгаль өөрөө жамаараа нөхөн сэргэж ой ихээхэн тэлснээс болж хүний амьдрах талбай багассан байдаг. Өөрөөр хэлбэл суурьшлын бүс үүсэх  боломжит газар алдагдаж эхэлсэн юм билээ. Тийм болохоор яг ямар хүчин зүйлээс болж ой тэлээд байна, мөн цаашид аль хэсэгт ой тэлэх гэж байгааг урьдчилан тоцоолох зорилгоор  "Ойн тэлэлтийг орон зайн загварчлалаар урьдчилан тодорхойлох нь"  сэдвээрх судалгаагаа Маеэлла тусгай хамгаалалттай газарт хийсэн юм.  Хэдийгээр энэ судалгаа миний дипломын ажил байсан боловч Италийн тухайн бүс нутгийн захиргаа миний энэ судалгаан дээр үндэслээд суурьшлын бүсээ хэрхэн тогтоох шилжилт хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ зэрэг олон асуудалдаа шийдвэр гаргахдаа хэрэглэсэн байдаг. 

Тухайн бүс нутгийн италичууд суурьшлын бүсээ тогтоох, шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах вэ зэрэг олон асуудалдаа судалгааг маань хэрэглэсэн байдаг. 

- Байгалийн нөөц, баялгаа ухаалаг ашиглах ёстой талаар та дээр ярьсан. Ухаалаг ашиглах гэдгийг мэргэжлийн хүмүүс хэрхэн хардаг нь сонирхолтой санагдлаа. 
- Тийм ээ. Бид байгалийн нөөцөө ухаалаг ашиглах ёстой.

АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельтийг  монополийн эсрэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж эдийн засгийн эерэг таатай цоо шинэ өөрчлөлт авчирснаар нь сайн мэддэг. Гэтэл тэр хүн бас хамгийн анхны байгаль хамгаалагч ерөнхийлөгч байсан гэдэг. 

Бид ашигт малтмалаа ашиглая л гээд байгаа. Америкт аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байх үед Теодор Рузвельт ерөнхийлөгч болоод өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд 230 сая акр газрыг хамгаалалтад авсан байдаг. Үүнд нь бидний мэдэх Гранд Каньон, Yellowstone, Yosemite зэрэг алдартай газрууд ордог. Тусгай хамгаалалттай газар гэдэг нь нэн шинэ ойлголт байсан. Тиймээс ч Рузвельтийг хүн болгон буруушааж иргэд нь "Бидэнд үсрэнгүй хөгжил хэрэгтэй. Бидэнд үйлдвэр, ажлын байр хэрэгтэй" гэж шүүмжилцгээж байсан түүх бий.

Гэтэл 100 жилийн өмнө гаргасан Теодор Рузвельтийн энэхүү шийдвэр оновчтой байсныг бид өнөөдөр харж байна. Тусгай хамгаалалтын эдгээр үндэсний гурван паркаар л гэхэд жилдээ 12 сая жуулчин үйлчлүүлдэг гэсэн тооцоо байдаг. Эдийн засгийн тооцооллоор бол энэ газруудаасаа АНУ жилдээ ихээхэн хэмжээний ашиг олдог.

Хэрвээ эдгээр газрыг тусгай хамгаалалтанд аваагүй байсан бол тухайн үедээ аж үйлдвэрийн төв гэгдэж байсан Детройт зэрэг хот шиг байгалийн нөөцөө шавхаж дуусаад дампуурлаа зарлах байсан байна шүү дээ.

Тэгэхээр Рузвельт байгалийн ухаалаг ашиглалтын талаар маш их холч ухаанаар шийдвэр гаргасан байгаа биз. Энэ бол байгаль дэлхийгээ ухаалгаар ашиглаж буй жишээ. Бид өөрсдөдөө байгаа зүйлийг бүгдийг нь шавхаад хэрэглэчихэж болохгүй л гэсэн үг юм. 

 

Хэдийгээр манай улс асар их байгалийн нөөц баялагтай ч зүй зохистой, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхгүй л бол энэхүү нөөц шавхагдан, маргааш үр хойчдоо Теодор Рузвельт шиг байгалийн баялгаасаа олох тогтвортой орлого биш огтолсон ой, ширгэсэн гол, хоосон шороог л үлдээх бодит аюул тулгараад байна.

Тяньжиний боомтын агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас дэгдсэн хортой химийн бодисууд агаар, салхиар тээвэрлэгдэн хөрш улсууддаа ихээхэн хор хохирол учруулах аюул нүүрлээд байна.   

Байгаа зүйлээ өнөөдөр барчихгүй маргаашдаа үлдээх гэсэн санаа ч одоогийн хэрэгжүүлж байгаа төслийн маань ард явж байгаа.

Уг нь манай улсад тогтвортой хөгжлийн бодлогын бичиг баримт байгаа ч хэрэгжилт нь сул байна. Үүний нэг том жишээ нь 2008 онд батлагдсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого юм. 

- Тэгэхээр бидний яриа тусгай хамгаалалттай газруудын тухай зайлшгүй ярих шаардлагатай болж байна. 
- Тийм ээ. Мэдээж  бүх газар нутгаа хамгаалах боломжгүй тул  хамгаалах шаардлагатай буюу Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны (IUCN) шалгуурт нийцсэн газруудаа үр ашигтай  хамгаалах явдал юм. 

Салбарынхан маань энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард гэхэд Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлсэн тахилгат газрыг нэлээд хүчин чармайлт гаргасны дүнд ЮНЕСКО-ын дэлхий соёлын өвд бүртгүүлсэн. Ингэснээр манай улс олон улсын өмнө хариуцлага хүлээдэг бөгөөд эргээд олон улсын дэмжлэг туслалцаа авах боломжтой болно.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард БОНХАЖЯ-ны ТХНУГ нь Азийн Тусгай Хамгаалалттай Нутгуудын Түншлэлд (APAP) албан ёсоор элсэн батламж авахад гар бие оролцсон. Үүний үр дүнд олон улсын туршлага нэвтрүүлэх, суралцах зэрэг олон боломж нээгдэж байгаа юм.

Байгаль орчин гэдэг бол хил хязгааргүй ойлголт гэж хэлж болно.

Байгаль орчин гэдэг бол хил хязгааргүй ойлголт гэж хэлж болно.

Бид өөрийн хилийн доторх байгалиа л хамгаалаад тордоод байвал төдийлөн үр дүнд хүрэхгүй, хил залгаа улс орнуудтай мөн глобал түвшинд хамтрах зайлшгүй шаардлага гарч байгаа. Жишээ нь өнгөрсөн сард Тяньжиний боомтын агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас дэгдсэн хортой химийн бодисууд агаар, салхиар тээвэрлэгдэн хөрш улсууддаа ихээхэн хор хохирол учруулах аюул нүүрлээд байна.   

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын зураг:

Зураг

"БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ӨМНӨ НЬ ХИЙГДЭЖ БАЙГААГҮЙ ӨНДӨР ДҮНТЭЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ГЭЖ БАЙНА"

 

- Бидний ярианы гол сэдэв болох тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтыг сайжруулах, захиргаадыг нь чадавхжуулах төслийн тухай та танилцуулахгүй юу?
- ХБНГУ-ын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд Санхүүгийн хамтын ажиллагаа болох KfW банкаар дамжуулан Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яаманд хэрэгжүүлж буй 15.3 сая еврогийн санхүүжилттэй таван жилийн хугацаатай Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудыг чадавхжуулах төсөл юм. 

Энэ төслийн тухайд мэдээж барилга, дэд бүтцийн салбартай харьцуулахад мөнгөн дүн бага ч Байгаль орчны салбарын хувьд хамгийн том хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. 

- Төслийн хүрээнд яг ямар ажил хийгдэх вэ?
- Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг зайлшгүй хамгаалалтанд авах ёстойгоос 17.4 хувь буюу 27 сая га талбайг тусгай хамгаалатанд аваад байна. 

Өмнөд Солонгост тусгай хамгаалалттай 40,000 га талбайг 300 гаруй хүн хариуцаж байхад Монголд 70,000 га талбайг НЭГ байгаль хамгаалагч хариуцаж байна.

Өмнөд Солонгост 40,000 га талбайг 300 гаруй хүн хариуцаж байхад Монголд 70,000 га талбайг НЭГ байгаль хамгаалагч хариуцаж байна.

Дээрээс нь  саад бартаа ихтэй ой хөвч газарт ганц хүн мориор яваад хаанаа ч хүрдэггүй. Хулгайн ан, хууль бус алт олборлолт хийж байгаа техник хэрэгсэл ихтэй хууль зөрчигчидтэй байгаль хамгаалагчид маань хүч тэнцвэргүй тулаан хийж байна. 

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын тухай хууль 1994 онд батлагдсан байдаг. Тэр үеийн нийгэм эдийн засгийн байдал буюу шилжилтийн үеэсээ шалтгаалаад ашиглалтыг аль болох хаасан, хамгаалсан, хорьсон чиглэл рүүгээ байсан. Байгаль орчноо хамгаалах асуудлыг дан ганц байгаль хамгаалагчид хариуцуулах нь үр дүнгүй бас эдийн засгийн хувьд үр ашиггүй. Хөгжингүй оронд бол тухайн газар нутгийн иргэдтэй нь хамтарч хамгаалах асуудлыг хууль эрх зүйн орчноороо зохицуулсан байдаг. Энэ жишгийг бодолцож шинэ хуулийн төслийг боловсруулсан, хэрэв батлагдвал орон нутгийн иргэд нь байгаль хамгаалагчтайгаа хамтраад орчноо хамгаалах мөн байгалийн нөөцөө зохистой ашиглах, эко аялал жуулчлал хамтран эрхлэх гээд эдийн засгийн боломж бүрдэх юм.

Байгаль хамгаалагчид маань хүч тэнцвэргүй тулаан хийж байна. 

Иргэд ч ашгаа хүртэг бас тусгай хамгаалалтын газрууд маань ч төсөвт орлого төвлөрүүлж санхүүгийн хувьд бие даах боломжтой болно.  Үндсэндээ төслийн хүрээнд алсдаа Монголын Гранд Каньон шиг үндэсний паркуудын эхлэлийг бий болгох юм.

- Нийт газар нутгийн 30 хувь тусгай хамгаалалттай байна гэдэг олон улсад ямар үзүүлэлт вэ?
- 30 хувь гэдэг бол манайх шиг өргөн уудам газар нутагтай улсын хувьд олон улсад нэлээд дээгүүрт орох их өндөр тоо. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус харин эдийн засгийн хувьд ашигтай бас үр дүнтэй л хамгаалах хэрэгтэй байна. Шүүмжлэлтэй зүйл байгаа ч дэвшилттэй зүйл байгааг дурдахгүй өнгөрч болохгүй нь. 

 

Жишээ нь, өнгөрсөн сард Японы Байгаль Орчны Яамнаас Монголд туршлага судлахаар ирсэн. Япон Улсын хувьд аж үйлдвэржилтийн хойноос хэт хөөцөлдсөнөөс болж байгаль орчноо хамгаалах тал дээр орхигдуулсан тал бий. Тиймээс одооноос байгаль орчноо хамгаалах тухай эрчимтэй ярьж эхэлж байна гэж байсан.

Байгалиа шүтэх уламжлалт үзэл дээр суурилсан манай байгаль хамгааллыг тэд ихээхэн сонирхож  байсан. Тэр дундаа нутгийн иргэдийн оролцоог онцгойлон судалсан.

Байгалиа орхигдуулж хөгжсөн тэдний алдааг давталгүй угтаж хөгжих боломж ч байна. Мөн нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн бид ч бүс нутагтаа үлгэрлэх боломж бий.

Монгол Улс уул уурхайтайгаа байгаль хамгааллаа хэрхэн уялдуулж хөгжих гэж байгааг олон улс сонирхон харж байгаа энэ үед, миний бие ирэх арваннэгдүгээр сард Токио хотод болох олон улсын хуралд энэ талаар туршлага хуваалцаж илтгэл тавина. 

Шинэ хуулийн төсөл батлагдвал орон нутгийн иргэд байгаль хамгаалагчтайгаа хамтраад орчноо хамгаална.

- Энэ төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар ажиллаж байгаа байгаль хамгаалагчдын нөхцөл боломж сайжрах, иргэдийн оролцоо нэмэгдэхээс гадна өөр ямар бодит үр дүн гарах вэ?
- Энэхүү төслийн хувьд Биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэж нэртэй. Үүний хүрээнд дөрвөн гол үр дүнд хүрэхээр зорьж байгаа. Тэр дөрвөн гол шалгуурыг хангасан үйл ажиллагаанд санхүүжилт хийгдэх юм. 

Төслийн нэг онцлог нь тусгай хамгаалалттай газрын захиргаад маань төсөл бичиж санхүүжилт аваад өөрсдөө хэрэгжүүлэхээрээ онцлогтой. 

Дөрвөн шалгуур үзүүлэлт нь юу вэ гэхээр нэгдүгээрт, тухайн тусгай хамгаалалттай газрын захиргаа буюу төрийн байгууллагын менежментийн үр ашиг дээшилсэн байх ёстой. Хоёрдугаарт, тухайн орчны бүсэд амьдарч байгаа иргэдийн амьжиргаа дагаад сайжрах ёстой. Нутгийн иргэдийн амьжиргаа сайжирч байж байгалийн баялгаа зүй зохистой ашиглах боломж нээгдэнэ. Гуравдугаарт, газрын тогтвортой менежмент бий болсон байх ёстой. Үүнд нь, бэлчээрийн менежмент, ойн менежмент зэрэг орно. 

Дөрөвт нь, биологийн төрөл зүйл буюу ховор амьтан, ургамлын тоо толгойг тогтворжуулах гэсэн байгаа. Ийм дөрвөн үйл ажиллагааг хангасан төсөлд хөрөнгө оруулалт хийх юм.

 Тусгай хамгаалалттай газар нутаг дөрвөөр нэмэгдлээ мөн наймыг нэмэхээр ажиллаж байна.

Дээр ярьсанчлан энэ мөнгө зүгээр л нэг ороод ирж байгаа биш. Монгол Улс өөрөө тусгай хамгаалалттай газар зарцуулах төсөв хөрөнгө, боловсон хүчнээ нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар өөрийн гэсэн хүлээсэн үүрэгтэй. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч манай улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Жишээ нь, тусгай хамгаалалттай газар нутаг дөрвөөр нэмэгдлээ мөн наймыг нэмэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ бүтэц гаргаж орон тоогоо нэмж байна. 

- Одоо хэрэгжүүлж байгаа төслийн нэр Биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэсэн байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
- Манайх шиг эмзэг өртөмтгий эко системтэй төв азийн тэгш өндөрлөгт оршдог улсад дэлхийн дулаарал дунджаас дээгүүр байна.

Хавар намрын улирал уртсаж байгааг бид мэднэ, энэ нь хуурайшилт ихээр явагдаж мөнх цэвдгүүд хайлж байгаа гэсэн үг. Хустай нурууны байгалийн цогцолборт газар дахь Сибирийн тайгын хамгийн урд хэсгийн үргэлжлэл ой хуурайшилтаас болоод мөнх цэвдэг нь хайлж 80 хувь нь устчихсан байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт эко системд ийнхүү сөргөөр нөлөөлж байна. 

Цаг уурын өөрчлөлт нь бэлчээрээсээ хамаардаг малчид буюу уламжлалт нүүдлийн аж ахуй эрхэлдэг хүмүүст ч илүү нөлөөлнө. Малаа бэлчээх газаргүй болоод бүгдээрээ хотод ирээд суух уу гээд асуудал их үүснэ.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоно гэдэг нь хүний амьжиргаа, улс орны эдийн засагтай шууд холбоотой асуудал. 

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоно гэдэг нь хүний амьжиргаа, улс орны эдийн засагтай шууд холбоотой асуудал. 

- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тал дээр яг ямар ажил хийгдэнэ гэсэн үг вэ?
- Нэгэнт өөрчлөгдсөн уур амьсгалыг буцаана гэж байхгүй. Тэгэхээр бидний хийж чадах зүйл сааруулах мөн дасан зохицох. Жишээ нь, цаг уурын өөрчлөлтөөс болж бэлчээр нь цөлжиж усгүй болсноос мал нь сайн тарга тэвээргэ авахгүй, амьжиргаагаа залгуулах боломжгүй болбол малчид санхүүгийн өөр эх үүсвэрийг хайх хэрэгтэй болно. Тэгэхээр орон нутгийн иргэдийг эко туризм эрхлэх зэргээр тухайн газар нутагт нь байгалийн баялгаа бусадтайгаа зохистой хэрэглэх боломжоор хангахын төлөө энэ төсөл үйл ажиллагаагаа чиглүүлнэ. 

Цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох том сорилттой тулгараад байгаа манай улсын хувьд энэ төсөл маш цаг үеэ олсон гэж зөвхөн төслийн удирдагчийн хувьд ч бус судлаач хүний хувьд үнэлж байна.  

Мөнгөн дүнгээрээ энэ салбарт хийгдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж дээр хэлсэн. Салбарын хүний хувьд энэхүү буцалтгүй тусламжийг олгож буй ХБНГУ-ын Засгийн газарт бас талархаж байгаагаа илэрхийлье. 

- 2020 он гэхэд танай төсөл дуусна. Та яг ямар үр дүн хүлээж байна вэ?
- ХБНГУ-ын хэрэгжүүлж байгаа төсөл гэдэг утгаараа европ, олон улсын шилдэг туршлага ч тухайн салбартаа орж ирнэ. 

Төслийн дөрвөн шалгуур үзүүлэлтийг хангасан төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Ямар ч байсан суурь өөрчлөлтийг хийж чадна гэж найдаж байна. Хэрэгтэй боловсон хүчин нэмэгдэнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдана. Зөв, үр ашигтай менежменттэй болно гэсэн үг. 

Монгол Улсын газар нутгийн 17.4 хувийг эзэлж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн хэрэгжилт сайжирна. Хүмүүсийн орлого нэмэгдэнэ. 

Манай одоогийн хууль уг нь сайн. Жишээ нь, байгалийн баялаг ашигласны төлбөр гээд уул уурхайн компаниуд зөндөө их мөнгө төлдөг. Гэтэл орон нутагт төвлөрсөн энэ мөнгө яг эргээд байгаль орчиндоо зарцуулагдаж чаддаггүй. Эдгээрийг хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. 

Энэ төслөөр гол суурь баазыг нэлээд сайн бэлдээд өгчихнө. Түүнээс хойш тэнд ажиллаж байгаа хүмүүс нь чадавхжиж, техник технологи, чадварлаг боловсон хүчинтэй болох юм. 

- Яг тэр газарт ийм өөрчлөлт орох болно гээд та бодит жишээгээр ярьж болох уу?
- Миний хувьд аль нэг газрыг онцлоод ярих боломжгүй. Яагаад гэхээр энэ төслийн сонгон шалгаруулалт ч бас өрсөлдөөний зарчмаар хийгдэх юм. Мэдээж төсөл хэрэгжсэнээр зөндөө их өөрчлөлт гарна гэж итгэж байгаа. 

НҮБ-аас манай улсын Тусгай Хамгаалалттай Нутгийг Бэхжүүлэх нь гэсэн нэгэн төсөл хэрэгжээд дуусч байгаа. Төсөл хэрэгжсэн тусгай хамгаалалттай газруудад нь очоод үзэхэд иргэдийн нөхөрлөл нь хамгаалалтын үйл ажиллагаанд нь оролцдог, хогоо цэвэрлэчихдэг гэх мэт олон сайхан жишээ бий.

 Байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүмүүс үнэхээр зүрх сэтгэлээрээ хөдөлмөрлөж байгаа. 

Гэхдээ тэд ч гэлтгүй Байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүмүүс үнэхээр зүрх сэтгэлээрээ хөдөлмөрлөж байгаа. 

Сүүлийн хоёр жил төсөв хүндрэлтэй байгаль хамгаалагч нарт дүрэмт хувцас нийлүүлээгүй гэхэд л өөрсдөө хувцас аваад өмсчихсөн байх жишээтэй.

Монгол хүний уг зан чанар чинь байгалиа шүтсэн, уул усаа тахидаг, усандаа сүүгээ ч өргөдөггүй ард түмэн. Тэр утгаараа улс мөнгөгүй байсан ч өөрийн мөнгөөрөө бензинээ хийгээд л явж байгаа ажилдаа сэтгэлтэй ханддаг олон байгаль хамгаалагч бий.

Ийм уужуу сайхнаараа байгаа хүмүүст жаахан л дэмжлэг үзүүлэхэд үнэхээр өөрчлөлт авчирна гэж боддог.

Зураг

ӨЧИГДРӨӨС ИРСЭН БАЯЛГИЙГ ӨНӨӨДӨР УХААЛГААР ЗАРЦУУЛЖ МАРГААШДАА ҮЛДЭЭХИЙГ ХҮСДЭГ

- Өнгөрсөн хугацаанд таны ажиллаж, хэрэгжүүлж байсан төслүүдийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 110 орчим тэрбум төгрөг болно гэж байсан. Өөрийн ажиллаж байсан хамгийн томоохон төслийн үр дүнгээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
-  Төслийн үр дүнг яг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь их явцуу ойлголт болох болов уу. 

Оролцогч бүх талын буюу төслийн үр шимийг хүртэж байгаа иргэн хүнд нь, оролцож байгаа төрийн байгууллага, иргэний зөвлөлд, нөхөрлөлүүдэд нь зөв арга дадал нь үлдэж байдаг. Төсөл, хөтөлбөр хэрэгжээд дууссан ч тухайн тогтолцоо буюу хууль эрх зүйн орчныг нь шинэчилчихсэн эсвэл арга технологийг нь өөрчилж, хүмүүсийг нь чадавхжуулахад чиглэгддэг учраас доллар болгоны цаана инноваци, дэвшил заавал үлддэг.  

Нэг том жишээ гэхэд, АНУ-ын 285 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монголын Мянганы Сорилтын Сангийн зургаан төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.  Үүний нэг төсөл болох Хөрөнгийн Эрхийн төсөлд би дэд захирлаар нь ажилласан. Энэ төслийн гол зорилго нь гэр хорооллын хашааны газрыг өмчлөх, бүртгэлийн ажлыг сайжруулах байсан. 

Нэрт эдийн засагч Эрнандо де Сото Монголд ирээд эдийн засаг сайжруулах үнэлгээ хийгээд манай улсад албажаагүй эд хөрөнгө их байдаг, үүнийг бүртгэлжүүлээд эдийн засгийн эргэлтэд оруулах юм бол маш их ашиг олох  боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэр хороололд тулгараад байгаа ядуурлыг бууруулахын тулд иргэдийг өмчтэй болгож түүнийг нь баталгаажуулахаар төсөл маань загварчлагдсан. 

12 сая хуудас мэдээллийг цахимжуулсан

Энэ төсөл олон бүрэлдэхүүн хэсэгтэй байсны зөвхөн нэг нь гэхэд технологийн дэвшлийг ашиглаж Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цаасан архивыг цахимжуулах явдал байв.  Тиймээс иргэдийн хувийн хэргийг цахимжуулж улмаар банкуудтай холбоод өгчихье гэж зорьсон. Мэдээллийг нээлттэй болгох зорилгоор гэсэн үг шүү дээ. Яг энэ зарчмаараа 12 сая хуудас мэдээллийг цахимжуулсан.  

Нийт 11,5 мянган метр урт шилэн кабелиар есөн дүүргийн Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн газрыг холбосон. Учир нь тухайн үед зөвхөн нэг газар эд хөрөнгийн эрхийн бүртгэл төвлөрдөг байсныг есөн дүүрэгт байршуулснаар төвлөрлийг сааруулж тэр хэмжээгээрээ эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болсон. 

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг  бий болгох нүсэр ажлыг хийсэн. Үндэсний Дата төв дээр маш том мэдээллийн сан үүссэн. Бидний хэрэгжүүлсэн энэ төсөл  2013 онд Bloomberg Mongolia -с "Шилдэг инноваци"-аар шалгарсан. Мөн Дэлхийн Банкны DOING BUSINESS буюу бизнес эрхлэхэд хэр таатай орон бэ гэдгийг 10 үзүүлэлтээр шалгаруулдаг. Үүний үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр Монгол Улс 189 орноос 30 дугаар байранд орсон.​ Бидний нэвтрүүлсэн энэ шинэ систем, тухайн үеийн бүртгэлийн байгууллагын бодлого, удирдлагын хийсэн ажил зэрэг нь энэ жагсаалт урагшлахад нөлөөлсөн байх. 

- Хөрөнгийн Эрхийн төсөл их үр дүнтэй, томоохон ажил болжээ. Тухайн үед дурдагдаад л өнгөрч байсан? 
- Нийгмийн боловсролтой, мэдээлэлтэй хэсэг нь аливаа зүйлийн үр шимийг нь хүртээд нөгөө хэсэг нь орхигддог тал их байдаг. Үүнийг арилгахын тулд эмзэг бүлгийн, тусгай дэмжлэг шаардлагатай бүлэгт  илүү анхаарал хандуулах хэрэгтэй.  Олон улсын төсөл хөтөлбөрүүд энэхүү асуудалд анхаарал хандуулж төрийн байгууллагуудад томоохон үлгэр болохуйц ажлыг тусгайлан хийдэг. 

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр Монгол Улс 189 орноос 30 дугаар байранд орсон.

Хөрөнгийн Эрхийн төслийн хүрээнд 20 мянга гаруй иргэдийн хашааны газрыг үнэ төлбөргүй өмчлөн авахад туслалцаа үзүүлэхийн тулд 80 мянга гаруй айл өрхөөр орж газар өмчлөхийн эдийн засгийн ач холбогдлоос эхлүүлээд эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэйгээр эзэмшигч нь байх талаар ухуулга хийсэн байдаг. Нэг талдаа статистик тоо мэт харагдавч айл өрх бүрт 20 минут зарцуулж, газрын хэмжилт хийснийг тооцоод үзвэл энэ бол нүсэр ажил.

Өмчлөлийн талаар, эд хөрөнгийн талаарх нарийн мэдээлэл байхгүй хүмүүст ч хүрч ажиллахыг зорьсон. Тухайлбал, Өвөрхангай аймгийн хараагүй иргэд, Орхон аймгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд  зэрэг дэмжлэг шаардлагатай бүлэгт хүрч газар  өмчлөн авахад нь туслалцаа үзүүлсэн.

Энэхүү хичээл чармайлтын үр дүнд Монголын Мянганы Сорилтын Сан нь санхүүжүүлэгч байгууллага болох АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн 2012 онд Жендерийн тэгш байдлыг хангахад идэвх зүтгэл гаргасан орноор шалгарч байлаа. 

 

- Таны намтрыг харахаар сургуулиа төгсөөд л гадны төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж эхэлсэн юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Их сургууль төгссөн цагаасаа олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжсэн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах тогтвортой хөгжлийн чиглэлд 10 гаруй жилийн хугацаанд мэргэжилтэн, дэд захирал, зохицуулагч, удирдагчаар ажиллаж, эдгээр хөрөнгө оруулалтыг Монгол Улсад шингэхэд гар бие оролцсон байна.

- Таны танилцуулгад  Хүнс, Хөдөө Аж Ахуйн салбарын тэргүүний ажилтан гэж бичсэн байсан. Энэ салбарт бас ажиллаж байв уу?
- Анхны ажил маань Хөдөө Аж Ахуйн Яаманд хэрэгжиж байсан Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр байсан. Монголд одоо гурав дахь шатны төсөл нь хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд би хөдөөгүүр их явж, ажлын гараагаа маш их зүйл сурч эхэлсэн юм. 2000 оны үеэр их зуд болсон доо. Тэр үед малчдын амьжиргааг сайжруулах, эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх тал дээр ажилласан маань дараа дараагийн олон төсөлд ихээхэн туршлага болсон. 

Гадны зөвлөхүүдийн оролцоотой хэрэгждэг байсан ажлыг энэ 20 жилийн хугацаанд хийх үндэсний чадварлаг боловсон хүчин, баг ч бэлтгэгдэж чадсаныг онцолж хэлэх хэрэгтэй.  

Үүний дараа Дэлхийн Банкны өртөг нэмэгдүүлэх төсөл буюу “Ноос ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэгч,  борлуулагч, үйлдвэрлэгчдийг дэмжих” төсөл дээр ажилласан. Энэ мэтчилэн хөдөө рүү, малчид руу чиглэсэн ажлуудыг нэлээд хийсэн. Тиймээс Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан гэсэн шагналыг авсан байх аа. /инээв/  

- Гадны төсөл хөтөлбөрүүдийн мөнгөн хүртээмжээс гадна олон улсын стандартад нийцсэн боловсон хүчин бэлтгэгдэж үлддэг нь бас их том баялаг юм.
- Тэгэлгүй яахав. 

Гадны зөвлөхүүдийн оролцоотой хэрэгждэг байсан ажлыг энэ 20 жилийн хугацаанд хийх үндэсний чадварлаг боловсон хүчин, баг ч бэлтгэгдэж чадсаныг онцолж хэлэх хэрэгтэй.  

- Таны хувьд олон төсөл хөтөлбөрт ажиллажээ. Одоо нэг байгууллагад харьяалагдаад тогтвор суурьшилтай ажил хийе гэж боддог уу. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
- Тогтвор суурьшилтай ажиллах санаа бий. Гэхдээ яг энэ салбартаа бодлогын хэмжээнд ажиллаж сурсан мэдсэнээ хэрэгжүүлье гэвэл заавал нэг төрийн байгууллагад орж таарна. Гэтэл одоохондоо улс төрийн нөхцөл байдал тогтворгүй учраас хэлэхэд эрт байна. 

Байгалийн баялгаа зохистой ашиглаж тогтвортой хөгжих бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний зүгээс бүхнээ зориулна гэж боддог. 

Өчигдрөөс ирсэн баялгийг Өнөөдөр ухаалгаар зарцуулж Маргаашдаа үлдээж үр хүүхэд маань илүү сайхан орчинд амьдраасай гэж үнэхээр их хүсдэг дээ. 

- Тэгэхээр та карьерийн төлөвлөгөөгөө нууцалж байгаа юм байна. Тийм үү?
- Яг тийм газар тэгж ажиллана гэхээсээ илүү хүсч боддог зүйлээрээ жигүүрлэж явдаг гэж хэлж болно.

Ирээдүйг 10 жилээр харах дуртай. Тэр үед Монгол улс тогтвортой хөгжлийн бодлого түүний хэрэгжилтээрээ Азидаа тэргүүлэх зэргийн орон болж бусад улс оронд загвар болох шатандаа явж байгаасай.

Монгол хүмүүс дахин уулзахын билэг ерөөл тавиад салцгаадаг шүү дээ. Уул уурхайгаас орж ирэх хөрөнгөөс ухаалаг хуримтлал бий болгож чадсан, мөн тэрхүү хөрөнгөнөөсөө экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоож, хамгаалахад гар бие оролцсон, хийсэн бүтээсэн зүйлтэйгээр өөртэй чинь дахин уулзахын ерөөл тавья.