Зураг
Зураг
"АЖЛЫН АРД НЭР ТӨРТЭЙГӨӨР ГАРАХ ХҮСЭЛ Л БИДЭНД ИЛҮҮ БАЙДАГ"    
1
2
3
4

Н.Цэлмүүн: АЖЛЫН АРД НЭР ТӨРТЭЙГӨӨР ГАРАХ ХҮСЭЛ Л БИДЭНД ИЛҮҮ БАЙДАГ

Ч.Болортуяа
2015 оны 7 сарын 1
iKon.MN
Н.Цэлмүүн: АЖЛЫН АРД НЭР ТӨРТЭЙГӨӨР ГАРАХ ХҮСЭЛ Л БИДЭНД ИЛҮҮ БАЙДАГ
Зураг

Татвар төлөлт, нийгмийн хариуцлага зэргээрээ үргэлж топ компаниудын эгнээнд бичигдэж, Монголдоо хэрэгтэй гэсэн томоохон бүтээн байгуулалт, олон төслийг хэрэгжүүлж буй Монголын Алт Корпораци буюу МАК хэмээх "том айл"-ын тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөвөрсөөр байдаг билээ. 

Тэгвэл МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Нямтайширийн Цэлмүүн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрсдийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм. 

Уул уурхай, барилгын салбарт европ стандартын бүтээгдэхүүнийг нэвтрүүлж эхлээд буй тус компанийн олон томоохон төслийн тухай мэдээлэл эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гэрэл гийх шиг сайн мэдээ болсон билээ. Тиймээс ч эдгээр төслийг гардан хариуцаж яваа хүний нэг Н.Цэлмүүнийг бид "Өглөөний хүн" буландаа урьж ярилцлаа.

Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Valparaiso Их Сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж Хонг Конг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд өдгөө МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч, Хас Банкны ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа юм. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцлагын зочин: Н.Цэлмүүн @tselmoonchik

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

ШИНЭ ҮЙЛДВЭР НЭЭСЭН НЬ ГАНЦХАН МАК-ИЙНХАНД БИШ НИЙГЭМД ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ БОЛСОН БОЛОВ УУ

 

- Таны хувьд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй анхны ярилцлага гэж ойлгосон. Зөв үү?
- Тийм ээ. Гадны хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан. Харин Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байна.

iKon.mn сайтыг ёс зүйтэй, бизнесийн зарчмаараа хөгжиж байгаа цөөхөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг гэж боддог.  

- Баярлалаа. Юуны түрүүнд Хийт Бетоны Үйлдвэрээ амжилттай нээсэнд баяр хүргэе. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нэгэн шинэ үйлдвэр нээлтээ хийсэн нь эерэг уур амьсгал төрүүлсэн сайхан мэдээлэл байлаа. 
- Ердөө хоёр долоо хоногийн өмнө Хийт Бетоны Үйлдвэр маань албан ёсны нээлтээ хийж евроблок гаргаж эхэлсэн. 

Монгол Улсын хувьд барилгын дүүргэгч материалын хэрэгцээ жилдээ 800 мянган шоо метр гэдэг. Манай үйлдвэр эхний ээлжинд жилд 270 мянган шоо метр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. 

270 мянган шоо метр гэдэг нь дунджаар 90 м квадрат орон сууцаар бодоход дөрвөн мянган айлын барилга дүүргэх хэмжээний бүтээгдэхүүн гэж ойлгож болно. 

Дээрээс нь хийт бетоны хувьд өөрийн онцлог шинж чанараас хамаарч лего байшин шиг хоёр, гурван давхар хүртлээ төмөр рам шаардагдахгүй барьж болдог юм билээ. 

Өөрөөр хэлбэл, хоёроос гурван давхар таун хаус барихад асуудалгүй гэсэн үг. 

- Хийт бетоны үйлдвэрийг барьж байгуулахад нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон гэсэн. Энэ санхүүжилтийг хэрхэн босгосон тухайгаа ярихгүй юу?
- Миний хувьд компанийнхаа бүх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хариуцдаг. 

Бид 2012 онд европын үйлдвэрлэлийн технологийг Монголд нэвтрүүлэхээс гадна цоо шинэ санхүүгийн нэгэн хэрэгслийг мөн амжилттай нэвтрүүлж чадсан юм. Хийт бетоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд 20 гаруй сая ам.долларын өртөгтэй. Германы Засгийн газрын "Euler Hermes" гээд экспортыг дэмжих агентлаг байдаг. Энэ нь тухайн орныхоо экспортыг дэмжихийн тулд худалдан авагч талд баталгаа өгч үйлчилдэг. 

Хоёр талаас хоёр банк оролцоод энэ санхүүгийн үйлчилгээг гүйцэлдүүлэх ёстой байтал Монгол Улсын арилжааны банкны тухайд өөрийн хөрөнгийн 20 хувиас илүүг нэг компанид зээлж болдоггүй байсан. Энэ хүндрэлээс шалтгаалаад бид өөрсдөө тайлан балансаа өгөөд экспортыг дэмжих даатгалын программд хамрагдаж Монголдоо анхны ECA буюу Export Credit Agency болсон. Ингэж бид амжилттай даатгуулаад жилийн 2.2 хувийн хүүтэй санхүүжилт авсан. 

Мөн дотоодын банк болох "Голомт" -оос тодорхой хэмжээний зээл авсан. Үлдсэн санхүүжилтийг өөрсдийн бусад төслийн орлогоос бүрдүүлсэн. 

- Хийт бетон гэх энэхүү бүтээгдэхүүний шинж чанарын хувьд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай гэж байсан. Монгол Улсын барилгын салбарт гарч буй томоохон ахиц болж байгаа талаар албаны хүмүүс дурдаж байв. Энэ талаар та жаахан дэлгэрүүлэхгүй юу?
- 1942 оноос хойш Европт энэ технологийг ашиглаж хийт бетон үйлдвэрлэж байгаа юм билээ. 

Мэдээж хэрэг жил ирэх тусам технологи нь сайжирсаар байгаа. Хийт бетоны тухайд ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 50 хувь хөнгөн. Ямар ч хэмжээгээр зүсэж болно. Дулааныг хадгалах чадвар нь бусад бетоноос гурваас тав дахин илүү. Тийм учраас дулаанаа алдахгүй. 

Монголын эрс тэрс уур амьсгалд 40 орчим см зузаан ханатай барилгыг хийт бетоноор дүүргэж барилаа гэхэд дулаалгын материал нэг их шаардахгүй. Өөрөө 50 хувь хөнгөн учраас барилгын суурь цутгалтад шаардагддаг их хэмжээний барилгын материалыг мөн хэмнэдэг.

 Барилга барих зураг төсөл гаргахдаа технологийн өөрчлөлт хийх цаг болсон байна.

Тэгэхээр бид барилга барих зураг төсөл гаргахдаа технологийн өөрчлөлт хийх цаг болсон байна. Хөрөнгө оруулалт бага шаардагдана гэсэн үг. Өнөөдөр аливаа барилгын төслийн хамгийн чухал хэсэг бол суурь цутгалт байдаг. Тэгэхээр энэ их хөрөнгө оруулалт шаарддаг хэсэгт хэмнэлт гарахаар барилгын үнэ буурах боломж бүрдэж байгаа юм. 

- Салбарын сайд нь ч мөн Хийт Бетоны Үйлдвэрийн нээлтийн үеэр орон сууцны үнэ буурах нэг боломж бүрдэж байгаа талаар дурдаж байсан. Яг санхүүгийн тооцооллоор хэчнээн хувийн хэмнэлт гарах боломж бүрдэж байна гэсэн үг вэ?
- Суурь цутгалтын хэмнэлтээс гадна хийт бетон ашиглаж байгаа тохиолдолд дулаалгын материал бага шаардана. Гуравдугаарт, энэ бетон маань хөнгөхөн учраас өргөлтийн ажил харьцангуй хөнгөрөх зэрэг давуу талуудтай. Дунджаар нэг метр квадрат ханыг нэг хүн 15-20 минутад өрөх боломжтой. 

Манай улсын хувьд барилгын салбарын хүний нөөц асуудалтай байдаг. Тэгвэл өмнө нь 10 хүн барьдаг байсан ханыг магадгүй зургаан хүн барьчих хэмжээний хэмнэлт гарна. Дээрээс нь манай орны хувьд барилга барих хугацаа харьцангуй бага байдаг учраас барилгыг хурдан хугацаанд барих боломж бас бүрдэж байна. Би үүгээрээ ажлын байрыг багасгах тухай яриагүй шүү. Ажил хийж байгаа 10 хүний бүтээмж илүү их нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. 

- Хийт гэж онцлоод байгаа шинж чанарыг нь та тайлбарлаж өгөхгүй юу?
- Бүтээгдэхүүний маань 60 орчим хувь нь 1-2 мм-ийн хийтэй гэсэн үг. 

Хар ухаанаар тайлбарлахад, талх исгэхэд бид хөрөнгө хэрэглэдэг дээ. Талхны зуурмагаа дулаан орчинд хөөлгөдөг. Хийт бетон хийх үйл явцын хувьд үүнтэй төстэй. Бүх зуурмагаа зуурсны дараа 50 градуст хөөлгөдөг. Өссөнийх нь дараа автоклавт хийгээд 300 -400 градусын халуунд чанаж бетон гаргадаг технологи юм. 

- Хийт бетоны үйлдвэр ийм өндөр хүчин чадалтай хэрнээ их цөөхөн ажилтантай юм билээ. Бүрэн автомат энэ үйлдвэрийг хэдий хугацаанд барьж байгуулсан бэ?
- Хоёр жил зарцуулсан. Үйлдвэрийн хувьд бүрэн автомат. Олон хүн ажиллах шаардлагагүй. 

Улс орны хөгжилтэй холбогдоод бүтээгдэхүүний чанар сайжирдаг. Тэгэхээр барилгын материалын салбарт буюу дүүргэгч материалын хувьд бид нар тодорхой хэмжээний инноваци хийсэн болов уу гэж бодож байна. 

 

Барилгын дүүргэгч материалын хувьд инноваци болсон болов уу

Монгол Улс маань хөгжихийн хэрээр чанартай бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүний хувьд өрсөлдөхүйц байх бүрэн боломжийг бид ханган ажиллаж байна. Хийт бетоны ихэнх түүхий эдийг МАК өөрөө олборлодог. 

Одоогоор цементийг л бид худалдан авч байгаа. Гэхдээ бид цементийн үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа учраас яваандаа цементээ ч өөрсдөөсөө хангах боломжтой болно. Мөн бусад түүхий эдийг ч хямдруулах боломжтой. Тийм учраас үйлдвэрлэлийн өртөг маань багасч хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой юм. 

- Бүтээгдэхүүний үнийн хувьд хэр өрсөлдөхүйц вэ?
- Монголд шоо метр бетон 128 - 160 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг. Манай хийт бетон нэг шоо метр нь савлагаа болон хүргэлтийн нөхцөлөөс хамааран 130-143 мянган төгрөгийн үнэтэй.  Орос, Хятадын импортын хийт бетоныг орлох бүрэн боломжтой. 

Цаашдаа зах зээлийн хэрэгцээнээсээ шалтгаалаад хүчин чадлаа зөвхөн автоклав нэмснээр 450-500 мянган шоо метр бетон үйлдвэрлэх хүчин чадалд хүргэнэ. 

- Үнс, цемент хутгаад хийсэн блокийг бодоход хамаагүй чанартай хэрнээ үнийн хувьд тун боломжийн гэж харьцуулж болно гэсэн үг үү?
- Тийм ээ. Болно. Хийт бетоны тухайд кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог. Тэгэхээр үнсэн блок гэдэг зүйл маань чанарын өөр түвшинд гарчихаж байна гэсэн үг. 

- Үйлдвэрийнхээ нээлтийг хийгээд ердөө хоёр долоо хонож байна. Эхний захиалгуудаа авч эхэлж чадав уу. Борлуулалт ямар байх шиг байна?
- Одоогийн эдийн засгийн хүндрэл 2012 оны сүүл, 2013 оны эхээс мэдрэгдэж эхэлсэн. Тэгэхээр бид хямарсаар байгаад гурав дахь жилээ үзэх гэж байна гэсэн үг. Энэ хугацаанд шинэ төсөл хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэг маш хүнд. 

МАК компанийн хувьд олон төсөл хэрэгжүүлж байгаа. Хэдий эдийн засгийн хүндрэлтэй үед үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг бидний хувьд том амжилт. 

Орос, Хятадын импортын хийт бетоныг орлох бүрэн боломжтой.

Цаашдаа мега төслүүд хэрэгжээд эхлэхээр борлуулалт маань сэргээд явна. Одоогийн нөхцөл байдал хүнд байгаа ч бид өрсөлдөхүйц үнийн бодлого барина. Үүгээрээ борлуулалтаа нэмэгдүүлнэ. Анхны захиалгуудаа авч байна. Олон хүнд  шинэ үйлдвэрийн мэдээлэл хүрсэн байна лээ. Өнөөдөр (2015.06.26) гэхэд бид барилгын салбарынханд зориулсан нээлттэй өдөрлөг хийж байна. Ийм нээлттэй өдөрлөгийг ойр ойрхон хийнэ ээ. 

 

- Эдийн засгийн хүндрэлтэй үед тооцооллоо сайн хийж ашиглалтад орсон шинэ төслүүд цаашдаа илүү амжилттай байх боломжтой гэдэг. Магадгүй энэ талаас нь бодож та бүхэн ажиллаж байгаа байх.
- Шинэ үйлдвэр нээснээр ганцхан МАК-ийнханд биш нийгэмд эерэг мэдээлэл болсон болов уу.
 
Бүх юм хэцүү байна гэх урсгалыг жаахан эвдсэн байх гэж найдаж байна. Томоохон төслүүд эхнээсээ гараас гарч дараа дараагийн төсөл рүүгээ идэвхтэй орох урам зоригийг ч бид авч байна. 

ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ МААНЬ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВЖ БАЙНА

 

- Энэхүү төслийн дараагаар МАК мөн цементийн үйлдвэрээ танилцуулна гэж байсан. Цементийн үйлдвэрийн төсөл ямар шатандаа яваа вэ?
- Монгол Улс жилдээ хоёр сая орчим тонн цемент хэрэглэдэг. Үүний 70 гаруй хувийг Хятадаас импортолдог. 

Манай компанийн ашиглалтад оруулах гэж байгаа үйлдвэр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Зах зээл судлаачид Монгол Улсын цементийн хэрэглээг 2018 он гэхэд гурваас дөрвөн саяд хүрнэ гэсэн таамаглал хийсэн байдаг. Тэгэхээр манай үйлдвэрийн хувьд импортыг бол орлоно. Гэхдээ Монгол Улсын хэрэглээний өсөлтөөс шалтгаалаад бүрэн орлох уу, тодорхой хэмжээг нь орлох уу гэдгийг хэлэхэд хэцүү. Бидний хэрэгжүүлж байгаа цементийн үйлдвэр маань Дани улсын технологиор баригдаж байгаа. Мөн бүрэн автомат үйлдвэр бөгөөд нийт 351 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл юм. 

Энэхүү төсөл маань 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 

- Хийт Бетоны Үйлдвэртэй харьцуулахад зургаа дахин их хөрөнгө оруулалттай үйлдвэр болж байгаа юм байна. 
- Тийм ээ. Энэ төсөлд бид мөн адил Хийт Бетоны Үйлдвэрийн санхүүжилттэй төстэйгөөр Дани улсын Экспортыг Дэмжих Агентлагаас төхөөрөмжийнхөө үнэнд санхүүжилт авсан. 

Гэхдээ бид санхүүжилтээ шийдэхийн тулд нэлээд ярвигтай замыг туулсан. Юу гэхээр манай үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэгч нь Дани компани, даатгагч нь Дани агентлаг, МАК ХХК-г төлөөлж байгаа нь Герман банк, хэмжээнээсээ шалтгаалаад нэг банк ийм их хэмжээний эрсдэл хүлээнэ гэдэг хэцүү учраас Францын мөн нэг банк оролцсон. 

Дээрээс нь манай гэрээ еврогоор тооцоологдож байхад МАК-ийн орлого юаниар орж ирдэг. Тэгэхээр энэ төслийг хэрхэн ашигтай байлгах дээр нэлээд олон төрлийн санхүүгийн арга хэрэгсэл ашиглаж байж амжилттай санхүүжилт босгосон.

2012 онд энэ санхүүжилт маань Европын "Трэйд Финанс" сэтгүүлээс "Best Deal of the Year" гэдэг шагнал авсан.

Тиймээс ч  2012 онд энэ санхүүжилт маань Европын "Трэйд Финанс" сэтгүүлээс "Best Deal of the Year" гэдэг шагнал авсан. Уг шагналыг Лондонд гардуулахад аавтайгаа хамт очиж авсан. МАК-ийн хувьд санхүүгийн компани биш хэрнээ энэ хэлэлцээг амжилттай хийж, шинэ санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж дээрээс нь ийм шагнал авсан нь том амжилт юм.  

- Үйлдвэрийн бүтээн байгуулалт 85 хувьтай явж байгаа гэлээ. Хэдийгээр ашиглалтад орно гэсэн үг үү?
- Энэхүү үйлдвэрийн үлдэгдэл санхүүжилт болох 87.5 сая ам.долларыг Чингис бондын эх үүсвэрээс буюу Хөгжлийн Банкнаас авах зөвшөөрөл авсан. Тус зээлийг амжилттайгаар хэсэгчлэн авч байгаа. 

Төсөл маань дараа жилийн өдийд орохоор төлөвлөгдөөд ажиллаж байна. 

- Цементийн үйлдвэр ашиглалтад орсноор "Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны үйлдвэрлэлд хэрэгцээтэй түүхий эд үйлдвэрлэх боломжтой болно гэж байсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
- МАК компанийн барьж байгуулж буй цементийн үйлдвэрийн зураг төсөл, технологи, тоног төхөөрөмжийг Дани улсын FLSmidth компани нийлүүлж байгаа. Энэ компани 130 гаруй жилийн түүхтэйгээс гадна  дэлхийд цемент үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч компаниудын нэг. 

"Оюу Толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай шүлтлэг орчин, усанд тэсвэртэй өндөр чанарын цементийг манай үйлдвэр үйлдвэрлэх болно

Тийм болохоор энд нөгөө л Евро стандарт, чанар орж ирж байгаа гэсэн үг. "Оюу Толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай шүлтлэг орчин, усанд тэсвэртэй өндөр чанарын цементийг манай үйлдвэр үйлдвэрлэх болно. Ер нь бол үйлдвэрийн технологийн нэг онцлог нь янз бүрийн маркийн цемент үйлдвэрлэх уян хатан боломжтой.

Бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох үндсэн үүрэг бүхий лабораторид гэхэд л робот ажиллана. Энэ нь хүний хүчин зүйлээс хамааралтай алдаа гаргахгүй, чанарыг үнэн зөв, өндөр нарийвчлалтай тогтоож улмаар хэрэглэгчээ дээдлэх зарчмыг эрхэмлэж байгаагийн илрэл юм. 

Зураг

МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ ЧАДНА ГЭДГИЙГ ЗЭС, МОЛИБДЕНИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХООР ХАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

- Танд одоо МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч, Хас Банкны ТУЗ-ийн гишүүнээс өөр албан тушаал, сонгуульт ажил бий юу?
- Миний хувьд ажлын бүтэн цагаа зарцуулж хариуцаж хийдэг ажил маань МАК компанийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа, маркетинг хариуцсан Дэд Ерөнхийлөгчийн ажил. 

Энэ нь компанийн бүхий л үйл ажиллагаанд оролцох шаардлагыг бий болгодог. Ер нь хөрөнгө оруулалт олж, хөрөнгө оруулалт хийх ажил хийдэг. Тиймээс ч 2011 онд Хас Банканд хөрөнгө оруулалт хийсэн. МАК ХХК Хас Банкны хамгийн том хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч. Тэгэхээр зарим үед янз бүрийн "малгай өмсөх" шаардлага гардаг. 

Улиралдаа нэг банкны "малгай өмсчихнө". Мөн бид "Хүннү Эйр"-т хөрөнгө оруулалт хийсэн. "Хүннү Эйр"-ийн үйл ажиллагаанд өдөр тутам оролцдоггүй ч шаардлагатай үедээ оролцоно. Бодлогын шийдвэрүүдэд нь аавдаа туслаад явдаг. 

- Хэвлэл мэдээллийн салбарт танай гэр бүлийг орж ирсэн гэж ярьдаг шүү дээ. Та бүхний хөрөнгө оруулсан "Өдрийн Шуудан" сонин гэхдээ дампуурчихсан гэдэг. Мөн "Шинэ Дэлхий" телевизийн захирлаар таныг ажиллана гэж байсан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэлтэй вэ?
- Энэ худлаа. "Шинэ Дэлхий" телевизэд би хэзээ ч захирлаар очиж байгаагүй. Энэ телевизийн үйл ажиллагаа МАК ХХК-иас хамааралгүй болсон. "Өдрийн Шуудан" сонины тухайд дампуураагүй. Түр зуур үйл ажиллагаагаа зогсоосон.  

Бидний хувьд эдийн засгийн энэ хүндрэлтэй үед МАК-ийн үндсэн үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзсэн. 

Хэвлэл мэдээллийн салбар гэдэг хэцүү. Тиймээс бид энэ үед "Шинэ Дэлхий" телевизийг бусдад шилжүүлсэн. 

- Хэвлэл мэдээллийн салбарт орж, өөрсдийн нөлөөллөө хүчирхэгжүүлэх сонирхол танд бий юу?
- МАК-ийн хэрэгжүүлж байгаа төслүүд олон ажлын байр бий болгож, улсын төсөвт нэлээд өндөр хэмжээгээр хувь нэмэр оруулдаг. Тэгэхээр энэ томоохон төслүүд дээрээ ажиллах сонирхол надад илүү байна. 

- Таны хариуцаж байгаа төслүүдээс тань хамгийн их жин дарж, хариуцлага шаардаж байгаа нь аль нь байна вэ?
- Хамгийн их анхаарал тавьж байгаа ажил маань Цагаан Суваргын зэс-молибденийн төсөл. Энэ төсөлд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 

Томоохон төслүүд дээрээ ажиллах сонирхол надад илүү байна. 

Одоогоор төсөл маань 45 хувьтай явж байгаа. 2012 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалтынхаа тал хувийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.  Гэтэл 2013 оны эхээс нүүрсний үнэ тогтмол буурч байгаа нь бидний өөрийн хөрөнгө оруулалтын бүрдүүлэлтэд хүндрэл учруулж төсөл маань хүлээлтийн байдалтай байна. Гэхдээ бид зэс-молибденийн хүдрийг олборлон, боловсруулах томоохон төслөө 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж бусад шаардлагатай ажлуудыг хийсээр байгаа. 

2017 он гэхэд эдийн засгийн нөхцөл байдал ч бас эерэг болох болов уу гэж харж байна. Учир нь 2017 оноос зэсийн эрэлт нэмэгдэж үнэ өсөх таамаглалууд гарсаар байна.

Ямар ч байсан бид төлөвлөсөн ёсоор эхлээд хийт бетоны үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Үүний дараа цементийн үйлдвэрээ ашиглалтад оруулах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж чадлаа. Эдийн засгийн энэ хүнд үед цементийн үйлдвэр маань 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэдэг том амжилт гэж бодож байна. Үүнийхээ хажуугаар зэс-молибденийн үйлдвэрийнхээ санхүүжилтийг үргэлжлүүлнэ гэдэг том хариуцлага. Энэ төсөл дээрээ бид бүхий л боломжоороо анхаарч ажиллаж байна. 

Ийм том хэмжээний төслийг Монголын ганцхан хувийн хэвшил хариуцаад хэрэгжүүлнэ гэдэг том ажил, үүрэг хариуцлага. 

Бидний хувьд аливаа төслийг барууны стандартын түвшинд хэрэгжүүлнэ гэсэн хатуу зарчим барьдаг. Тэгэхээр Монголчууд бид өөрсдөө чадна гэдгийг энэ зэс, молибденийн үйлдвэр ашиглалтад орохоор харна гэж бодож байна. 

Эдийн засгийн энэ хүнд үед цементийн үйлдвэр маань 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна гэдэг том амжилт гэж бодож байна.

- Уул уурхайн лиценз эзэмшилт тал дээр МАК ч тэр өөр бусад компанийг хууль бусаар авсан, аваагүй гэх янз бүрийн эерэг, сөрөг мэдээлэл байдаг. Үүнд та тайлбар хийх үү?
- Би энэ тал дээр тайлбар өгч чадахгүй нь. Яагаад гэхээр энэ миний хариуцсан ажил биш болохоор.  Ер нь буруу аргаар олж авсан бол төр хураагаад л авна шүү дээ. Миний сонсоход хууль хяналтын байгууллагаас хэд хэдэн удаа МАК-ийн эзэмшилд буй лицензийн талаар тусгайлан шалгасан байдаг. Манай компани ердөө л долоон ордын лиценз эзэмшдэг.

 МАК-ийн эзэмшилд буй лицензийн талаар тусгайлан шалгасан байдаг. Манай компани ердөө л долоон ордын лиценз эзэмшдэг.

Цагаан Суваргын төслийн тухайд стратегийн орд гэж явдаг. Анх социализмын үед хайгуул тодорхой хэмжээнд хийгдсэн. МАК ХХК-ийн тухайд өөрсдийн хөрөнгөөр дахин геологи, хайгуулын ажил хийсэн.  2014 оны долоодугаар сарын 1-нд УИХ энэ ордод төрийн оролцоо байх шаардлагагүй гэж үзсэн.  Энэ шийдвэр гадаадаас зээл авах, хөрөнгө оруулалт татах боломжийг илүү их нээсэн. 

Ер нь хөрөнгө оруулалт босгоход төрийн оролцоо байх эсэх их хамааралтай байдаг. Төр оролцож байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид сонирхох магадлал бага л байна гэсэн үг. 

Аливаа төслөөс бий болж байгаа ажлын байр, татваруудаас нийгэм, олон нийт хангалттай өгөөж хүртэх боломжтой гэж миний хувьд үздэг. 

Зөвхөн Цагаан Суваргын төслөөс л гэхэд төр ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр мөн ямарваа нэгэн эрсдэл хүлээхгүйгээр 60 орчим хувийн өгөөжийг хүртэх юм шүү дээ. 

- 2014 оны хувьд төслүүдээ урагшлуулахад их хүнд жил болсон тухай тухайн үед та бичиж байсан.  2015 он гараад талаасаа өнгөрчихлөө. Ажил хөнгөрч байна уу?
- Сэтгэл санааны хувьд арай эерэг болсон байх. Түүнээс хүнд үе дуусаагүй байна. Гэхдээ энэ эдийн засгийн хүндрэлээс бид их олон зүйл суралцаж байна шүү дээ. 

Юм бүхэн дандаа муу биш. Хувь хүнийхээ хувьд их том сургамж, хичээл болсон. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед  аавыгаа компаниа удирдаад явахад нь хажууд нь байж асар их зүйл суралцлаа. Аливаа зүйлд хэцүү тал заавал байдаг. Тэгэхээр үүний гарцыг хэрхэн олох вэ гэх зэргээр компанийнхаа удирдах хүмүүсээс ч олон зүйл сурсан шүү.  

Цаг үе хэцүү байна. Гэхдээ даваад гарна гээд л бид ажиллаж байна. 

Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед  аавыгаа компаниа удирдаад явахад нь хажууд нь байж асар их зүйл суралцлаа.

- Гадныхны хоол болохгүйн тулд бид хичээж ажиллах хэрэгтэй гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа Та бичсэн байсан. Их эх оронч үзэлтэй юм байна гэж харж байлаа. 
- Аав, ээж маань бид нарт зааж өгөөгүй ч гэсэн ах, дүү бид гурав их эх оронч үзэлтэй. Эцэг, эх маань ч гэсэн. Бид одоогийн хэрэгжүүлж байгаа энэ том төслүүдийг хийхгүй байж болох л байсан. 

Хүний хэрэглээ гэж юу байх вэ дээ. Хувийн жаргалаа хөөгөөд явж болох л байх. Гэтэл бид энэ улс орныхоо төлөө хэрэгтэй зүйл хийчихье гэсэн сэтгэлгээгээр олон том төслийг эхлүүлсэн. Хэцүү үе таарсан. 

Манай гэр бүл энэ нийгэм, эдийн засагт нэмэр болохуйц зүйлүүдийг хийе гэсэн үзэл бодолтой. Тэр утгаараа хөдөлмөрлөж, зүтгэж байна. 

Хүний хэрэглээ гэж юу байх вэ дээ. Хувийн жаргалаа хөөгөөд явж болох л байх. Гэтэл...

- Нэгэн тайлангаас таван том компанийн таван жилийн татвар Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх хэмжээний харагдаж байсан. Энэ хямралаас Монголчууд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн нуруун дээр энэ улс орон явдаг юм байна гэдгийг ойлгож байна. Энэ эерэг уур амьсгал танд жишээ нь хэрхэн мэдрэгдэж байна вэ?- Энэ хямралаас бид уул уурхай бол яах ч аргагүй Монгол Улсын хөгжлийн суурийг тавьж өгөх салбар гэдгийг ойлгосон байх. 

Энэ үеийг ашиглаад өөрсдийн суурийг сайн тавьж өгөх ёстой. Цөөхөн хэдэн  томоохон аж ахуйн нэгж байгаа. Эдгээрийн цаана хэдэн зуун гэрээлэгч компани бий. Тэр гэрээлэгч компаниудын цаана дахиад хэдэн зуун компани байгаа. Энэ гинжин холбоогоор эдийн засаг явж байна. Бид хэцүү байвал олон зуун компанийн санхүү хэцүү байна л гэсэн үг. 

Америкт гэхэд хэдэн топ компаниа улс нь дэмжсэн. Bail out хийсэн. Ийм дэмжлэг бол хэрэгтэй. Миний хувьд нэг их гомдол хэлэхгүй. Гэхдээ энэ бизнесийнхэнд мөнгө өгөхгүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр хөнгөлөлтүүдэд хамруулж, татвараас чөлөөлөх ёстой гэж боддог. 

МАК-ийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд 500 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байдаг.

МАК-ийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд 500 орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байдаг.

Зураг

НЭР ТӨРТЭЙГӨӨР АЖЛЫН АРД ГАРАХ ХҮСЭЛ Л БИДЭНД ИЛҮҮ БАЙДАГ

 

- Ажлын яриагаа түр амс хийгээд хувь хүнтэй чинь холбоотой хэдэн асуулт тавих гэсэн юм. Таны өвөө, удам судрын тань талаар олон сонирхолтой түүх байдаг юм билээ. Өвөө нарынхаа тухай танилцуулахгүй юу?
- Манай элэнц өвөө Номтайшир гэдэг хүн байсан. Орос, хятад, төвд, манж хэлний өндөр мэдлэгтэй, эрдэм номтой хүн байсан юм билээ. 1921 оны ардын хувьсгалаар бага хүү Лувсантайгаа хамт цагаантнуудад амьдаараа шатаагдаж амь насаа алдсан түүх байдаг. Миний өвөөгийн нагац ах буюу Номтайширын Лхамсүрэн 1945 оноос Гадаад Явдлын орлогч сайд, 1951 оноос сайдаар ажиллаж байсан хүн байдаг. Тухайн үедээ энэ хүн Х.Чойбалсангийн залгамжлагчаар яригдаж бэлтгэгдэж байсан төрийн томоохон зүтгэлтэн байсан юм билээ. 1950-иад оны сүүлд бүх албан тушаалаас нь буулгаж нутаг заасан байдаг. 

Мөн аавын маань аав, миний өвөө Бямбаа гэж хүн байсан. 1938 онд Улс төрийн хэрэгтэн гэж 10 жилээр шийтгүүлж хоёр жил гаруй Алтанбулагийн гянданд хоригдож байгаад 1940 оны дунд үед цагаатгагдсан. Мөн л Намын Төв Хорооны Хөдөө Аж Ахуйн хэлтсийн эрхлэгч, Ардын Их Хурлын Депутат одоогоор УИХ-ын гишүүн хүн байсан.

1978 онд гэхэд л одоо яригдаж буй малын хөлийн татвар, даатгал зэргийг ярьж улс орны хөгжлийг хөдөө аж ахуйн бодлогоор харж явсан хүн юм билээ. 

Энэ бол аавын талынхан маань. 

Харин ээжийн маань өвөө аав болох О.Намнандорж гэж эрдэмтэн хүн байсан. Оросын Ленинград хотод Дорно дахины Их сургуулийг 1928 онд төгссөн анхны оюутнуудын нэг. Мөн л тэмцэгч хүн байсан юм билээ.

 "Намд Намнандорж хэрэггүй. Намнандоржид нам хэрэггүй"  гэж хэлснээрээ намаасаа хоёр ч удаа хөөгдөж гурван ч удаа шоронд сууж байсан түүхтэй. 

- "Гайхамшигт тоо" хэмээх номыг бичиж байсан хүн юм билээ?
- Тийм ээ. Энэ ном нь нүүдлийн соёл иргэншилтэй Монголчууд тооны мэдлэгийг 67 оронтойгоор ашиглаж байсныг үзүүлсэн шинжлэх ухаанд нэн сонирхолтой түүхэн бүтээл байдаг. 

Харин ээжийн маань аав Дамба 1958 онд Москва хотод Олон Улсын харилцааны дээд сургуулийг төгссөн анхны дипломатуудын нэг байсан. 

- Та Харвардын нэгэн сургалтад хамрагдаж байгаа гэсэн. Ер нь хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаардаг талаараа ярихгүй юу?
- Харвардын "Executive Education" хөтөлбөрт өнгөрсөн жилээс хамрагдаж эхэлсэн.

Өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурч, мэдэх тал дээр би айхтар их анхаардаг. Тиймээс ч 10- 20 жилийн ажлын туршлагатай хүмүүсийг сургадаг  Харвардын "Executive Education" хөтөлбөрт хамрагдаж байгаа. Энэ нь ажлаа давхар хийгээд явах боломжтой богино хугацааны эрчимжүүлсэн сургалт юм. Хоёроос гурван долоо хоног сургуулийнхаа хотхонд амьдардаг. Өглөөний 08.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл хичээлтэй байдаг. 

Харвардын "Executive Education" хөтөлбөрт өнгөрсөн жилээс хамрагдаж эхэлсэн.

Хамгийн сүүлийн шатны сургалтдаа энэ долоодугаар сард хамрагдана. Энэ сургалтад хамрагдсанаар "Executive Education" хөтөлбөрийг бүрэн дуусгана. 

Ажлаасаа хөндийрөх боломжгүй, гэр бүлтэй гүйцэтгэх захирлууд болон, гүйцэтгэх захирлын залгамжлагч нарт зориулсан эрчимжүүлсэн сургалт учраас үүнийг сонгон суралцаж байна. 

- МАК компанид таны хэрэгжүүлж байгаа төслүүд эмэгтэй хүнд харьцангуй хүнд буюу уул уурхай, барилга гэх мэт салбаруудыг хамарч байна. Таны хувьд энэ чиглэлээрээ л дагнаад ажиллах төлөвлөгөөтэй юу?
- Эмэгтэй хүнд харьцангуй хүнд гэдэгтэй санал нэг байна. Ээж маань үл хөдлөх хөрөнгийн бизнесээ хариуцан ажилладаг. Миний хувьд өөр янз бүрийн төсөл хэрэгжүүлэх сонирхол байдаг. Жишээ нь, МАК аялал жуулчлалын салбарт мөн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эмэгтэй хүний ур чадварыг илүү шаардсан ажил л даа. 

Жишээ нь, бид Мэлхий хад цогцолборт 100 өрөө, Залаатад 34 өрөө бүхий бүтик зочид буудлуудын төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа.  Цаашдаа аялал жуулчлалын салбарт говь, хангай хосолсон цогц үйлчилгээ санал болгохоор ажиллах сонирхол надад байдаг. Иймэрхүү эмэгтэй хүний нарийн ухаан шаардсан төслүүд рүү түлхүү анхаарах сонирхол бий.

Мэлхий хад цогцолборт 100 өрөө, Залаатад 34 өрөө бүхий бүтик зочид буудлуудын төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. 

Мөн түүнчлэн миний өвөө хөдөө аж ахуйн эрдэмтэн хүн байсны хувьд орчин үеийн шаардлага хангасан хөдөө аж ахуйн цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Энэ тухай аавд өвөө минь захиж хэлж байсан юм билээ.

- Улаанбаатарт 41 давхар барилга барьж, олон улсын сүлжээ зочид буудлыг МАК оруулж ирнэ гэх мэдээлэл нэг хэсэг гарч байгаад намжсан. Энэ төсөл хэрэгжих хэвээрээ юу?
- 2012 онд АНУ-ын Hyatt зочид буудалтай Зочид буудлын менежмент хийх тухай гэрээ хийсний хувьд хийсэн.

Олон улсын хэмжээний зочид буудал барина гэдэг өөрөө маш өндөр хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл энэ үед манай улсад мөн бусад томоохон сүлжээ буудлууд байгуулагдах талаар яригдаж эхэлсэн. Тиймээс ч манайд нийлүүлэлт хангалттай болж байгаа юм гэж үзээд 41 давхар МАК таурын зочид буудлын хэсгийг хассан. Тэгэхээр Hyatt баригдахгүй. Харин оронд нь баруунд байдаг шиг оффис барих төлөвлөгөөтэй байгаа. Уул уурхайн төслүүдээ гараасаа гаргасан хойноо л энэ төсөл рүү орно доо. 

Одоо бид чинь эдийн засгийн хүндрэлийн үеийн менежментээр ажиллаж байгаа шүү дээ. Эдийн засгийн хувьд аль болох хурдан эргэлтэд орох төслүүд дээрээ анхаарлаа хандуулж ажиллаж байна. 

Ямар ч байсан 41 давхар барилгын суурь маань тавигдчихсан байгаа.

Ямар ч байсан 41 давхар барилгын суурь маань тавигдчихсан байгаа. Улаанбаатартаа бас нэг бэлгэдэл болох сайхан барилга барьчих юмсан гэсэн бодол бас төлөвлөгөө бий. 

 

- Та ажлын гараагаа Худалдаа Хөгжлийн Банкнаас эхэлж байсан юм билээ. ХХБ-нд МАК компанийн оролцоо байсан уу. Яагаад энэ сонголтыг хийсэн бэ?
- 2005 онд сургуулиа төгсөөд ХХБ-нд анх ажилд орж байсан. Ажлын гараагаа их зөв эхэлсэн гэж боддог. 

МАК компанийн ямар ч хөрөнгө оруулалт ХХБ-нд байгаагүй, байхгүй. Яг л шинэ ажилтан ажилд ордог зарчмаар ороод Хөрөнгө Зохицуулалтын арын албанд ажиллаж эхлээд улмаар Иргэдийн Банканд ажиллаж ХХБ-ны орон сууцны анхны зээлийг гаргах ажилд оролцож байлаа. Түүний дараа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл хариуцсан хэлтэст нэг хэсэг ажилласан. Ингээд хоёр жил ХХБ-нд ажилласан. 

Миний хувьд багаасаа гадаадад өссөн. Харин Худалдаа Хөгжлийн Банканд ажилласнаар Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил амьдрал, иргэдийн амьдрал гээд нийгэм, орчинтойгоо танилцаж, бага гэлтгүй  туршлага хуримтлуулж чадсан болов уу. 

- Таны хувьд нэлээд том төслүүд дээр ажиллаж, гадаад, дотоодгүй томилолтоор явах хэрэгцээ шаардлага гардаг байх. Энэ их ажлын хажуугаар ээжийн үүргээ хэр сайн биелүүлж байна вэ?
- Бүх зүйлийг амжуулахыг л хичээж байна. Ганц бие ээж учраас өөрөө бүгдийг зохицуулах хэрэг гардаг. Яах аргагүй чухал ажлаар гадаад руу томилолтоор явах үедээ л хүүхдээ эцэг, эхдээ орхидог. Түүнээс бусад үед хүүхдийнхээ идэж, ууж байгаагаас эхлээд бүгдэд нь оролцож санаа тавьж хажуудаа байлгах дуртай. Энэ утгаараа хүүхэддээ аль болох цаг зав гаргахыг хичээдэг. 

 Ганц бие ээж учраас өөрөө бүгдийг зохицуулах хэрэг гардаг.

Манай гэр бүлийн тухайд нэлээд гэр бүлсэг айл. Бужигналдаж л байх дуртай шүү. 

- Та энэ сард болсон "Улаанбаатар Марафон -2015"-д оролцож байгаа харагдсан. Хэчнээн километр гүйв?
- Би чөлөөт цагаараа гүйх дуртай. Энэ жилийн марафонд 21 км гүйж хувийн амжилтаа эвдсэн.  Дараа жил дахиад оролцоно. Амжилтаа эвдэнэ гэж бодож байгаа шүү. 

- Гэр бүлийн тухайд төлөвлөсөн зүйл бий юу?
- Байхгүй дээ. Болох ёстой зүйл болох цагтаа л болох байх. 

- Гэр бүлийн хувьд төлөвлөсөн зүйлгүй ч ажлын тухайд олон чухал томоохон төсөл ар араасаа Таныг хүлээж байгаа юм байна. 
- Тийм ээ. Ар араасаа хүлээж байна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ л зүгээр суух дургүй хүмүүс. Ажил, амралтын өдөр гэлтгүй байнга л ажлаар амьсгалдаг. Гэр бүлийн бизнес учраас яах аргагүй хоолны ширээн дээр, амралтын өдрүүдэд ажил маань яригдаж байдаг. Ажил тараад гэртээ хариад л ажлаа мартчихна гэдэг ойлголт бараг байхгүй шүү. 

- Танай гэр бүлийнхэн хэвлэлд яагаад төдийлөн ярилцлага өгч, олонд нээлттэй гардаггүй юм бол?
- Гэр бүлийнхэн маань өөрсдийн эрхэлж байгаа энэ бизнесийнхээ талаар болоод хувийн амьдралаа олон нийтэд нэг их зарлаад, яриад явдаг хүмүүс биш. 

Аав маань "Ямар ч байсан өөрсдийн хийж байгаа төслүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлье. Ажлаа хийчихсэний дараа ярьж, хэлэх цаг олдоно оо" гэдэг

Аав маань "Ямар ч байсан өөрсдийн хийж байгаа төслүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлье. Ажлаа хийчихсэний дараа ярьж, хэлэх цаг олдоно оо" гэдэг хүн. Нэг их маркетинг, сурталчилгаа хийгээд байя гэж ерөөсөө боддоггүй. Энэ байдал маань эргээд хүмүүст бага зэргийн хардлага төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Үйл ажиллагаагаа зөв танилцуулахгүй байгаа нь бидний алдаа ч байж магадгүй юм. 

Тэглээ гээд төслүүдээ л сайн хэрэгжүүлээд амжилтад хүргээд нэр төртэйгөөр ажлын ард гарах хүсэл л бидэнд илүү байсаар байна.