Уншиж байна ...

Ж.Сүхбаатар: Өөрийгөө хамгаалаад хэвлэлд хандах гэхээр мөнгөгүй, тэгсэн мөртөө мөнгөний хэрэгт хутгалдчихсан

Б.Манлай
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн/2024.04.23/ хурлаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Энэ удаагийн УИХ хуулиуд дээр сайн ажиллаж байгаа. Авлигатай Тэмцэх Газар сүүлийн хэдэн жил олон хэрэг илрүүлж, амжилттай ажиллаж байна. Үүнтэй би биеэрээ танилцаад явж байгаа. Гэхдээ анхаарах зүйл байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны процессыг анхаарах хэрэгтэй. Мөрдөгч нарын ачаалал, зарим хэрэг удааширч, зарим нь хурдан, дутуу зүйл хийдэг зэргийг анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн байгаа үедээ хэлье.

Хоёрдугаарт Ерөнхий сайдын хэлээд буй системийн авлига. Үүний гол зүйл нь хүмүүсээр дамждаг. 13 жилийн өмнө Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр гишүүн бид гурав ашиг, сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачилж, батлуулсныг одоо мөрдөж байгаа. Сая би сүүлийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Төрийн өндөр албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын гэр бүлийн гишүүдийг тендерт оролцуулахыг хориглож байгаа. Хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй.

Мань мэтийн хүнийг жишээн дээрээ ашиглах ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч гээд миний хариуцсан ажлын хүрээнд асуудал үүсэнгүүт би ёс зүйн хариуцлага хүлээж байгаа юм. Тэгэхэд АНУ-ын алдарт сенатор Боб Менендес хээл хахуулийн хэрэгт холбогдсон мөртлөө ажлаасаа буухгүй, үргэлжлүүлж өрсөлдөнө гээд явж байх жишээтэй.

Гэтэл манай парламентад төсвийн ерөнхийлөн захирагч гээд хариуцахгүй ч хариуцлагаа үүрсэн. Авлигатай тэмцэх олон хууль тогтоомжид оролцож байсан учраас надаас хойш энэ жишиг тогтоосой.

Гаднын улсад төсвийн ерөнхийлөн захирагч нарын анхан, дунд шатанд зөрчлүүд гарлаа гээд ерөнхийлөн захирагч нар хариуцлага хүлээдэггүй. Энэ логикоор үзвэл Төсвийн ерөнхийлөн захирагч буюу хариуцаж байгаа сайд бүрийн доод шатанд янз бүрийн хэрэг зөрчил гарч буй хариуцлагыг сайд бүр үүрдэггүй. Гэтэл манай хуулийн байгууллагынхан та хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм гэдэг. Энэ зүйлүүдээ ямар үед яаж ашиглаж байхыг бодох хэрэгтэй.

Төрийн өндөр албан тушаалтнуудаас хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг авч байна. Монгол жижиг орон болохоор төвөгтэй, ямар нэг юманд холбож болно.

2024 оны сонгуулийн дараа шинээр бүрдэх УИХ, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг нийтэд ил тод нээлттэй болгох хэрэгтэй. 126 гишүүнтэй болох учраас цаашид олон асуудал гарна.

76 гишүүнээс 10 гаруй нь хэрэгт холбогдонгуут Монгол Улсын парламентын ажиллах чадамжид нөлөөлж байна. Дэлхийн улс орнуудын жишгээр парламентын гишүүн ажлаа хийж байхдаа прокурорт дуудагдаж, шүүхийн үүд сахиад сууж байх нь буруу. 

УИХ-ын гишүүн иргэн хоёр адил гэж буй боловч гишүүн нь иргэдийг төлөөлж байгаа мандат эзэмшдэг. Энэхүү мандатаа хамгаалах шаардлагатай.

Миний ажлын цагийг тасалсан гээд гаргаад тавьчхаж. Ажлаа хийж чадахгүй, хуулийн байгууллагад дуудагдаад явж байгаа юм. 

Авлигатай тэмцэхдээ олон нийтийн сэтгэл зүй, бодлоор бус баримтаар яллах ёстой. Баримтыг тусгай мэдлэг чадвартай хүн үнэлж чаддаг.

Өчнөөн олон хулгайч, луйварчин гэж хэлэгдсэн хүчтэй хүмүүс хэвлэл мэдээлэлд мөнгө зарж байна гэдгийг сая хууль зүйн сайд хэллээ. Би өөрийгөө хамгаалах чадваргүй, санаа зовоод УИХ-ын чуулган дээр үг хэлж чаддаггүй.  Хэвлэл мэдээлэлд хандъя гэхээр мөнгө байхгүй, тэгсэн мөртлөө мөнгөтэй холбоотой хэрэгт хутгалдчихсан" гэв.

Тэрбээр ногоон автобусны хэрэгт холбогдоогүй бол УИХ-д нэр дэвших байсан гэдгээ хэлсэн билээ.