Уншиж байна ...

“Монгол Улсын ууган цэвэр усны үйлдвэр олон нийтийн компани болж байна”

ikon.mn
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын савласан цэвэр усны анхны Voyage брэнд нь 23 жилийн турш зах зээлд чанартай ундны цэвэр усыг нийлүүлсээр ирсэн бөгөөд өдгөө дотоодын шингэн хүнсний зах зээлд тэргүүлэн ажиллаж байна. Энэхүү Voyage брэндийг зах зээлд анхлан таниулж, хөгжүүлэн ажиллаж буй “MGL Aqua” компани нь хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлээд байгаа юм.

Иймд шинээр гарах гэж буй IPO-ийн онцлог, хөгжлийн төлөвлөгөөний талаар “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэгшээтэй ярилцлаа.

- Сайн байна уу? Юуны түрүүнд IPO хийх зөвшөөрлөө “Санхүүгийн Зохицуулах Хороо”-с авсанд нь баяр хүргэе.

- Баярлалаа. Манай хамт олон IPO-д бэлдэж эхэлсэн сүүлийн нэг жилийн хугацаанд хувьцаат компани болох нь өөрөө маш өндөр шалгуур бүхий хариуцлагатай ажил гэдгийг ойлгосон. Олон нийтэд нээлттэй компани болох замаар олон улсын жишиг бүхий засаглалын стандартыг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн тоог нэгээр нэмсэн чухал үйл явдал байлаа. Одоо бид хөрөнгө оруулагчдад бизнесийн онцлог, давуу талаа таниулан урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах дараагийн даваа үлдэж байна.

- Voyage бол Монголдоо хамгийн их танигдсан цэвэр уснуудын нэг. Энэхүү усыг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг “MGL Aqua” компанийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

- “Эм Жи Эл Акуа” компани нь анх 2001 онд үүсгэн байгуулагдсан, 23 жилийн түүхтэй Монголын хамгийн анхны, хамгийн том савласан цэвэр усаар дагнасан үйлдвэр юм. “Эм Жи Эл Акуа” ХХК нь Ти Эм Эл Трейд ХХК-ийн бүтцэд шилжсэн сүүлийн 10-аад жилд бид 25 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, технологийн бүрэн шинэчлэлийг хийж, брэндийн өнгө төрхийг өөрчилсөн төдийгүй олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлснийг онцолмоор байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд бид бизнесээ 3 дахин тэлж, ашигт ажиллагааг 5 дахин нэмэгдүүлж, 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсөвт 6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна. Компани маань одоогоор 200 гаруй ажилтантай бөгөөд тэдний чин сэтгэл, хичээл зүтгэл, ур чадвар нь компанийн амжилтын тулгуур болсон ба 2023 оны байдлаар биет хэмжээгээр цэвэр усны зах зээлийн 30 орчим хувийг дангаар хангаж байна.

- Биржид бүртгэлтэй хувьцаат компани болно гэдэг нь аливаа компанийн хувьд маш чухал шийдвэр байдаг. Харин энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцвал.

- Улс эх орны хөгжилд үйлдвэрлэгчдийн хувь нэмэр, үүрэг чухал нөлөөтэй байдаг. Дэлхий дахинд үйлдвэрлэгч компаниуд засаглалын хувьд нээлттэй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулах чиг хандлагатай байгаа нь бизнесийг урт хугацаанд, тогтвортой хөгжих үндэс болж байна.

Бид олон улсын стандартад нийцсэн чанартай усыг хамгийн боломжит үнэ, байгальд ээлтэй технологиор Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэх зорилгынхоо хүрээнд компанийн үйл ажиллагааг ил тод болгож, олон оролцогч талуудтай хамтрахаар хувьцаат компани болох шийдвэр гаргасан. Түүнчлэн технологийн шинэчлэлийг үе шаттайгаар нэвтрүүлж хуванцар сав, баглаа боодлынхоо жинг бууруулах байдлаар байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид хуванцар хаягдлаа дахин боловсруулж, дахин боловсруулсан түүхий эдийг ашиглах төлөвлөгөөтэй байна.

- Салбартаа тэргүүлэгч байх мөн шингэн хүнсний салбарт 23 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад бүтээгдэхүүний чанар голлох үүрэгтэй гэж бодож байна. Voyage усны чанарын талаар тайлбарлавал.

- Ус бол хүний өдөр тутмын хэрэглээ. Манай бизнесийн гол баримталдаг зарчим бол бүтээгдэхүүний чанар бөгөөд үйлдвэрлэлдээ Монгол Улсын савласан усны MNS 5007:2022, ундны усны MNS 0900:2018стандарт, хүнсний аюулгүй байдлын олон улсын удирдлагын тогтолцоо FSSC 22000, чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-г нэвтрүүлсэн.

Бид Бумбатын рашааны судалтай 120 метрийн гүний усыг 6 давхар шүүлтүүр бүхий сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох урвуу осмосын аргаар шүүн цэвэршүүлдэг ба энэ нь гүний усыг 100 хувь цэвэршүүлэн, озонжуулан, ариутгаснаар хэрэглэгчдэд шууд хэрэглэх боломжтой савласан цэвэр усыг хүргэж байна.

Хүн амын эрүүл мэнд, хүнсний хангамжийн асуудалд чанартай бүтээгдэхүүн маш чухал. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтод 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангахыг тусгасан байдаг. Бид энэхүү зорилтод нийцүүлэн нийгмийн бүхий л давхаргын бүх насны хэрэглэгчдэд зориулж боломжийн үнэтэй, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хүртээмжтэй байдлыг бий болгоход өөрсдийн бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

- “Cost Leadership” буюу үнээр манлайлах стратегийнхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? 

- Дээр дурдсанчлан бүх насны хэрэглэгчдэд зориулсан боломжийн үнэтэй, чанартай цэвэр усыг зах зээлд нийлүүлэх нь бидний хувьд нэн чухал. Ус бол хэрэглэхэд хэзээд ойр, хүртээмжтэй байх ёстой. Энэ нь цаашлаад хүний эрүүл мэндтэй холбогдож байгаа хэрэг юм. Манай бүтээгдэхүүний үнэ боломжийн хямд байхад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг.

Үүнд:

Нэгдүгээрт: Манай зэргэлдээ компаниуд сав баглаа боодлыг өөрсдөө үйлдвэрлэн, нийлүүлдэг.

Хоёрдугаарт: Өнгөрсөн хугацаанд маркетинг, сурталчилгааны зардал гаргаж байгаагүй, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэд маркетингийн зардал шингээгээгүй нь өртөг хямд байх бас нэг нөхцөл болсон.

Гуравдугаарт: Монгол Улсын савласан усны хэрэгцээг дангаар бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэрийн хувьд их хэмжээгээр үйлдвэрлэх нь нэгжийн өртөг хямд байх нөхцөлийг бүрдүүлдэг.

- Хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг дагаад өнөө үед цэвэр ус нь дотроо маш олон төрөлтэй болсон. Voyage брэнд нь бүтээгдэхүүний төрөлжилтөд хэр анхаарч байгаа бол?

- Хүмүүсийн амьдралын хэв маяг нөхцөл байдлаа даган өөрчлөгдөж илүү чанартай, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг болсон. Тиймээс энэхүү хэрэгцээг хангах зорилгоор 2023 онд нэр төрлөө нэмж, эрүүл мэндэд тустай шүлтлэг усыг олон улсын стандартаар үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Бид хэрэглээний олон тохиолдлуудад зориулсан савлагааны төрөлжилтийг бий болгохыг зорьдог. Цаашид эрүүл мэндийн ач холбогдолтой витамин, эрдсийн нэмэгдэлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж хэрэглэгчдийнхээ сонголтыг баялаг болгохоор судалгааны үе шатанд явж байна.

- Компанийн ирээдүйн зорилго болон татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтынхаа талаар хуваалцана уу.

- Бид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцсэн чанартай усыг хамгийн боломжит үнэ, байгальд ээлтэй технологиор Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэхийг зорьж байна. Энэ жилээс хэрэглэгчдэд илүү ойртож бүтээгдэхүүнээ CU, GS25 сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн.

Олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр үйлдвэрлэлийн шугамыг нэмэх, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх, орон нутагт байгуулах салбар усны үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар тус тус төлөвлөсөн. Ингэснээр орон нутгийн хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг хэзээ ч хаанаас ч авах боломжийг бүрдүүлж, хэрэглэгчдэд ойр болох юм.

- IPO-д оролцохоор сонирхож буй хөрөнгө оруулагчдадаа юу гэж хэлмээр байна?

- Хүнсний салбар нь эдийн засгийн мөчлөгөөс үл хамаараад тогтвортой ажилладаг онцлогтой салбар юм. Ялангуяа савласан ус бол сүүлийн 10 жилд  шингэн хүнсний салбар дундаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлсээр ирсэн бүтээгдэхүүний төрөл юм. Сүүлийн үеийн хэрэглэгчид эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж савласан усыг түлхүү хэрэглэх хандлагатай болсноор ирээдүйд савласан усны салбар өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй байна. Иймд хөрөнгө оруулагч та бүхнийг үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьцаа эзэмшигч болохыг урьж байна.

Иргэд, хөрөнгө оруулагч та бүхэн нэгж хувьцааг 174 төгрөгөөр авах боломжтой бөгөөд компанийнхаа 26.73 хувийг санал болгож, нийт 15.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Хувьцааны захиалга өгөх болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг ipo.mglaqua.mn хуудсаар авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.