Уншиж байна ...

Францын талхчид дэлхийн хамгийн урт багетыг хийж, 5 жилийн өмнө Италид тогтоосон дээд амжилтыг эвдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Францын талхчид дэлхийн хамгийн урт буюу 140.53 метр урт багетыг хийж, таван жилийн өмнө Италид тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.

Ердийн хэмжээнээсээ 235 дахин урт уг талхыг өчигдөр Парисын ойролцоо Францын талх, нарийн боовчдын холбооны зохион байгуулсан арга хэмжээний үеэр барьжээ.

Өмнөх дээд амжилтын эзэн нь 2019 оны зургаадугаар сард Италийн Комо хотод барьсан 132.62 метр урт багет байсан юм.

зураг
 

Францчууд шөнийн 3:00 цагт гурилаа зуурч, хэлбэржүүлж дуусгаад дугуйтай тусгай зууханд захаас нь болгож эхэлжээ.

Гиннесийн дээд амжилтын номын шүүгч нар дэлхийн хамгийн урт багет болсныг нь хүлээн зөвшөөрсний дараа талхчдын нэг Антони Арригот “Бүх зүйл батлагдлаа. Бид энэ дээд амжилтыг Францад буцааж авчирсандаа маш их баяртай байна” гэж ярьсан юм.

Бүртгэл баталгаажсаны дараа багетын зарим хэсгийг тэнд цугларсан хүмүүст хувааж өгсөн бол үлдсэн хэсгийг орон гэргүй хүмүүст тараажээ.

Францын уламжлалт багет нь 60 см урт, зөвхөн улаан буудайн гурил, ус, давс, исгэгчээс бүтдэг бөгөөд стандартын дагуу 250 грамм жинтэй байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters