Уншиж байна ...

Малайзын жүжигчин эмэгтэй АНУ-ын ерөнхийлөгчийн дээд шагналыг хүртлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үдэш Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын иргэдэд олгодог төрийн хамгийн дээд шагнал болох Эрх Чөлөөний Медалийг салбар салбарын төлөөлөл болсон 19 хүнд гардуулжээ.

Тэдний дунд Оскарын шагналт Малайзын жүжигчин Мишель Йео, олимпын долоон медальтай АНУ-ын усан спортын тамирчин Кэти Ледэки, бусдын гарт алагдсан иргэний хөдөлгөөний идэвхтэн Медгар Эверс, телевизийн хөтлөгч Фил Донахью зэрэг алдартнууд байсан юм.

“Хөгшрөлт замд чинь саад болох ёсгүй. Кэти, нас бол зүгээр л тоо, охин минь” гэж АНУ-ын түүхэнд төрсөн хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох 81 настай Байден 27 настай Ледэкид медаль зүүж өгөхдөө хэлжээ.

Шагналтнуудын дотроос салбар салбарын анхдагчдад онцгой хүндлэл үзүүлж байлаа.

Тухайлбал Америкийн Кино Урлагийн Академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны Ази жүжигчин Мишель Йео, сансарт ниссэн анхны Латин Америк гаралтай эмэгтэй Эллен Очоа, 1912 онд олимпын алтан медаль хүртсэн анхны Америкийн уугуул иргэн болж байсан Жим Торпе нарт ийм хүндлэл үзүүлсэн юм.

Байден бас Ардчилсан Намын хамтран зүтгэгчдээ шагнасан нь 2020 оны сонгуульд Өмнөд Каролинад ялахад нь тусалсан Конгрессын гишүүн Жим Клайбурн, өнгөрсөн оныг хүртэл Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикерээр ажиллахдаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нь хувь нэмрээ оруулсан Нэнси Пелоси нар байлаа.

Бас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь нэр дэвшин өрсөлдөж байсан дөрвөн хүнийг шагнасан нь сенатор асан Элизабет Доул, дэд ерөнхийлөгч асан Аль Гор, төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмбэрг нар байсан юм.

зураг
 

2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд цөөн саналын зөрүүгээр “бага” Жорж Бушд ялагдаж байсан Аль Горд медаль зүүж өгөхдөө Байден “Хэдийгээр олонхын саналыг авсан ч үндэсний эв нэгдэл, итгэлцлийн төлөө сонгуулийн маргаантай үр дүнг хүлээн зөвшөөрч байсан хүн” хэмээн магтсан нь 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй өөрийн өрсөлдөгч Дональд Трампыг дайруулан хэлсэн үг байв.

Шагнал хүртсэн эрхмүүдийн хамгийн баян нь тэрбумтан Майкл Блүүмбэрг байлаа.

Нэг үе Бүгд Найрамдах Намыг дэмждэг байсан тэрбээр одоо 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Байдены чухал санхүүжүүлэгч болох магадлалтай байгаа юм.

Эрх Чөлөөний Медалийг хүртсэн бусад хүмүүс нь гэмт хэрэгт шийтгүүлсэн залуусыг нийгэмшүүлэх “Homeboy Industries” хөтөлбөрийг санаачилсан католик санваартан Грэг Боил, АНУ-д боолчлох ёсыг халсан түүхэн үйл явдлыг тэмдэглэх “Juneteenth” бүх нийтийн амралтын өдрийг санаачилсан Опал Ли, хэрэглэгчдийн аюулгүй байдлын өмгөөлөгч, сенатор Фрэнк Лаутенбэрг, астрофизикч Жэйн Ригби, “United Farm Workers” байгууллагын ерөнхийлөгч Тереза Ромеро, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч Жюди Шепард, Мартин Лютер Кингийн “Надад мөрөөдөл бий” илтгэлийн эхийг бэлдэхэд тусалсан Кларенс Б.Жонс нар байжээ.

 

Эх сурвалж: Reuters