Уншиж байна ...

Берлиний эрх баригчид Иозеф Геббельсийн зусланг хүссэн этгээдэд нь үнэгүй өгөхөө мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Германы нийслэл хот харьяалагддаг Берлин мужийн захиргаа Адольф Хитлерийн суртал нэвтрүүлгийн сайд агсан Иосеф Геббельсийн эзэмшиж байсан зуслангийн цогцолборыг хүссэн этгээдэд нь үнэ төлбөргүй өгөхөө мэдэгджээ.

“Энэ газрыг авахыг хүссэн хэн бүхэнд Берлин мужаас бэлэг болгон өгөхийг би санал болгож байна” гэж мужийн сангийн сайд Стефан Эверс парламентынхаа чуулганы үеэр хэлсэн тухай Германы хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Энэ газар Бранденбург мужийн нутаг дэвсгэрт оршдог ч хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг нь Берлин олон жилийн турш хариуцсаар иржээ. Тиймээс тэд үргүй зардлаасаа салахын тулд Бранденбург болон Холбооны засгийн газарт шилжүүлж өгөхөөр удаа дараа оролдож байсан юм. Хэрвээ энэ удаа үнэ төлбөргүй авах этгээд олдохгүй бол уг байгууламжийг нураахаар төлөвлөсөн байна.

“Хэрвээ бид өнгөрсөн хэдэн арван жилийн бүтэлгүйтлээ давтахад хүрвэл нураахаас өөр аргагүй. Бид нураах бэлтгэлээ хэдийнээ хангаад байгаа” гэж Эверс хэлжээ.

зураг
 
Иосеф Геббельс

Хитлерийн ойрын хүмүүсийн нэг байсан Геббельс 1939 онд Берлин хотоос хойш 40 км зайд, Вандлиц тосгоны ойролцоо нуурын эрэг дээр 42 акр газарт тансаг зуслан байгуулж байсан юм.

Эхнэр, зургаан хүүхдийн хамт Берлин хотод амьдардаг тэрбээр энд Нацист удирдагчид, урлагийнхан, жүжигчдийг зугаацуулдаг байсан гэдэг.

Тиймээс тухайн үедээ “нууц хайрын үүр” хэмээн алдаршиж байжээ.

Дайны дараа хэсэг хугацаанд эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсныг сүүлд Зүүн Германы Коммунист Намын залуучуудын байгууллага хэд хэдэн байраар өргөтгөж, сургалтын төвөө болгосон байна.

1990 онд хоёр Герман нэгдсэний дараа уг газрыг Берлин мужийн өмчлөлд шилжүүлжээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд ямар ч ашиглалтгүй хаягдсан юм.

Дайны төгсгөлд Хитлерийн хоргодох байранд байсан Геббельс хүүхдүүдээ цианидаар хордуулж хөнөөгөөд гэргийн хамт амиа хорлож байв.

Түүний гэр бүлийн хамт амьдарч байсан Берлин дэх тансаг сууцыг 2011 онд дуудлага худалдаагаар заржээ.

 

Эх сурвалж: Associated Press