Уншиж байна ...

Украины арми Британийн зэвсгээр Оросын нутагт довтлох эрхтэйг Дэвид Камерон мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Их Британийн гадаад хэргийн сайд Дэвид Камерон саяхан Киевт айлчлахдаа Украины арми тус улсаас илгээсэн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт довтлох эрхтэйг мэдэгджээ.

Энэ нь Их Британийн эрх баригчдын байр суурь эрс өөрчлөгдсөнийг харуулж байна.

АНУ зэрэг Өрнөдийн орнууд Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхдээ дайныг өргөжүүлэхээс болгоомжлох үүднээс ОХУ-ын нутаг дэвсгэрийн дотор цохилт өгөхдөө ашиглахгүй байх шаардлага нөхцөл тавьдаг.

Украины тал ч Оросын нутгийн гүнд ажиллагаа явуулахдаа зөвхөн өөрийн үйлдвэрийн алсын тусгалын зэвсгийг ашиглаж байгаа.

Харин Пүрэв гарагт Киевт айлчлан очсон Камерон шинээр үзүүлж буй тусламжийн зэр зэвсгийг хэрхэн ашиглахаа Украины тал өөрөө шийдэх эрхтэйг батлан илэрхийлжээ.

“Украин ингэх эрхтэй. Украины нутаг дэвсгэрт Орос довтолж байхад Украин яагаад өөрийгөө хамгаалах шаардлагатайг ойлгож болно” гэж Камерон мэдэгдсэн юм.

Түүний айлчлал Британийн засгийн газраас жил тутам үзүүлэхээр шийдвэрлэсэн 3 тэрбум фунт стерлингийн ($3.75 тэрбум) зэр зэвсгийн тусламжийн эхний хэсэг Украинд ирэхтэй давхацсан байна.

“Тусламж зөвхөн энэ жилээр зогсохгүй, дараа жил, ер нь Украинд хэрэгтэй тохиолдолд олон жил үргэлжилсээр байх болно” гэж Камерон мэдэгджээ.

Пүрэв гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон бас Украинд өөрийн цэргийн хүчийг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Ингэхдээ тэр бүр тодорхой хоёр нөхцөл бүрдсэн тохиолдолд Францын цэргийг Украинд илгээх боломжтойг хэлсэн.

Тухайлбал Оросын цэрэг одоогийн фронтын шугамыг цөмрөн нэвтрэх, Украины эрх баригчдаас албан ёсны хүсэлт ирэх гэсэн хоёр нөхцөлийг дурдсан байна.

Макроны мэдэгдлийн хариуд Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков “Энэ бол маш ноцтой мэдэгдэл. Франц улсыг төлөөлдөг төрийн тэргүүн Украины мөргөлдөөнд газар дээр нь шууд оролцох боломжийн талаар байнга ярьж байна. Энэ бол маш аюултай хандлага” хэмээн анхааруулжээ.

Дэвид Камероны мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Москвагийн эсрэг гибрид дайнд Өрнөдийн орнууд оролцож байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг” гэж тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Reuters