Уншиж байна ...

Камбожийн эрх баригчид зэвсгийн агуулах дэлбэрсэн шалтгааныг хэт халуун цаг агаартай холбон тайлбарлажээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Камбож улсын армийн нэг агуулахад их хэмжээний сум дэлбэрсний улмаас 20 цэрэг амиа алдсан юм.

Тэгвэл Камбожийн эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг ямар нэг хорлон сүйтгэх ажиллагаа байгаагүй, хуучирч муудсан сумны чанар, хэт халуун цаг агаар хоёрын хосолсон нөлөө байсан гэж тайлбарлажээ.

Сүүлийн өдрүүдэд тус улсад агаарын температур Цельсийн 43 хэм хүртэл халж байгаа.

Дэлбэрэлтийн улмаас оффисын байр, ойролцоох цэргийн хуарангийн байр их хэмжээгээр сүйдэж, өөр 25 байшин гэмтсэн юм.

“2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болсон дэлбэрэлт нь техникийн шалтгаантай байсан. Тодруулбал хуучирч, муудсан зэвсгийн чанар, хэт халуун цаг агаарын нөлөөгөөр дэлбэрсэн байна” гэж Камбожийн батлан хамгаалах яамны мэдэгдэлд тайлбарлажээ.

Дэлбэрэлтийн тухай мэдээг сонсоод “маш их цочирдсоноо” илэрхийлсэн ерөнхий сайд Хун Манет амь үрэгдсэн цэргүүдийн оршуулгын зардлыг төсвөөс гаргаж, тус бүрийн ар гэрт $20,000-тай тэнцэх нэг удаагийн тэтгэмж амласан юм.

Мөн шархадсан цэрэг тус бүрд $5,000 олгохоор болжээ.

Сүүлийн өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн ихэнх хэсэгт агаарын халалт гамшгийн хэмжээнд хүрээд байгаа.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Камбожийн нутагт агаарын температур Цельсийн 43 хэмээс буухгүй төлөвтэй байна.

Филиппин улсын нутаг дэвсгэрийн талд нь ган гачиг тохиогоод байгаа.

Агаарын хэт халалтын улмаас Бангладеш улс ерөнхий боловсролын сургуулиудаа хаасан тул 33 сая сурагчийн хичээл завсарлажээ.

Тайланд улсад оны эхнээс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 30 хүн хэт халууны нөлөөгөөр амиа алдсан байна. Гэтэл 2023 оны турш тус улсад ижил шалтгаанаар 37 хүн амиа алдаж байсныг эрүүл мэндийн яам нь мэдээлжээ.

Ази тивийн зүүн хагас, Номхон далайн бүс нутагт нийтдээ 243 сая гаруй хүүхэд хэт халалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын эрсдэл дунд амьдарч байгааг Юнисеф байгууллагаас мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: BBC