Уншиж байна ...

Холливүүдийн кинонуудын сэкс үзэгдлийн хэмжээ 2000 оноос хойш 40 хувиар багасжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Poor Things”, “Saltburn”, “All of Us Strangers” зэрэг ил задгай үзэгдэлтэй дэлгэцийн бүтээлүүд сүүлийн үед дуулиан тариад байгаа.

Гэсэн хэдий ч сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Холливүүдэд бүтээгдсэн кинонуудын сэкс үзэгдлийн хувь хэмжээ эрс буурсныг шинэ судалгаа харуулжээ.

Тухайлбал энэ мянганы эхлэл үетэй харьцуулахад өнөөдөр гол гол дэлгэцийн бүтээлүүдэд ийм үзэгдлийн хэмжээ 40 хувиар буурсан байна.

“The Economist” сэтгүүлийн захиалгаар дата шинжээч Стивен Фоллоусын хийсэн судалгаанд 2000 оноос хойших жил бүрийн хамгийн өндөр орлоготой 250 киног хамруулжээ.

Ингэхэд 2000 оны топ 250 кинонд гарсан сэкс үзэгдлийн хэмжээ 2023 оны топ 250-ынхаас 40 хувиар их байсан байна.

Төрлөөр нь авч үзвэл тулаант (action) кинонуудад хамгийн их буюу 70 хувийн уналт ажиглагдсан бол романтик төрлийн кинонуудад хамгийн бага буюу 20 гаруй хувийн бууралттай байжээ.

Үүнээс гадна ямар ч сэкс үзэгдэлгүй кинонуудын шилдэг 250-д эзлэх хэмжээ 2000 онд 18 хувь байснаа 2023 онд 46 хувь болж эрс өссөн байна.

Гэхдээ дэлгэцэд үзүүлдэг бусад “муу, муухай зүйлс”-ийн хэмжээ буураагүйг тайланд дурджээ.

Тухайлбал хараал зүхэл, аллага хүчирхийлэл зэрэг агуулгын хувь хэмжээ 2000 оныхтой ойролцоо түвшинд байсан байна.

Фоллоус энэхүү бууралтын цаана хэд хэдэн шалтгаан байж болзошгүйг тоочжээ.

Үүнд үзэгчдийн таашаал өөрчлөгдсөн, илүү нарийн харилцааг үзүүлдэг контент түгээмэл болсон, үзэгчдийн насны үнэлгээ, цензур киноны зах зээлийг хязгаарладаг тул бүтээгчид сэкс үзэгдлээс зайлсхийдэг болсон зэргийг дурдсан байна.

Бас кино уран бүтээлд “intimacy coordinator” буюу жүжигчдийн дотно харилцааны хэсгийг зохицуулдаг ажил үүргийн нөлөө нэмэгдсэнтэй холбоотой байж болзошгүй гэж Фоллоус дүгнэжээ.

Өмнө нь жүжигчид хэдийгээр өөрт таагүй байсан ч найруулагчийн тавьсан шаардлагаар ийм үзэгдэлд тоглодог байсан бол сүүлийн жилүүдэд “intimate coordinator”-ууд үүнийг хязгаарладаг болсон юм байна.

Фоллоусын өөр нэг судалгаанд өгүүлснээр Холливүүдийн кинонуудын бүтээх үйл явцад ийм мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгцээ 2020 оноос хойш найм дахин өсжээ.

 

Эх сурвалж: The Guardian