Уншиж байна ...

Орангутан мич шархаа ургамлаар эмчилсэн нь зэрлэг амьтдын хувьд ажиглагдсан анхны тохиолдол болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Мод, чулууг багаж зэвсэг болгон ашиглах зэрэг оюун ухааны өндөр чадварыг илэрхийлсэн үйлдэл орангутан хүн дүрст мичнээс ажиглагддаг нь нэгэнт тодорхой болсон зүйл.

Тэгвэл эрдэмтдийн шинэ судалгаа энэ амьтны бас нэг онцгой чадварыг илрүүлжээ.

Энэ нь эмийн ургамлыг өөрийгөө анагаахад хэрэглэх чадвар юм.

Тухайлбал Суматра арлын эр орангутан үрэвсэл дарах, өвдөлт намдаах үйлчилгээтэй нь танигдсан ургамлын навч, зажилж гаргасан шүүсээр нүүрнийхээ шархыг эмчилж байгааг эрдэмтэд анх удаа ажигласан байна.

Өмнө нь Борнео арлын орангутан мич ургамлын навчаар гар хөлийнхөө булчинг үрэх, шимпанзе мич шархан дээрээ шавж хорхой тавих зэрэг зэрлэг амьтад өөрийгөө эмчлэх маягийн үйлдэл ажиглагдаж байжээ.

Гэхдээ шинэ нээлтийг зэрлэг амьтан эмчилгээний бодис агуулагддаг нь тогтоогдсон ургамлаар шархаа эмчилж буйг ажигласан анхны тохиолдол гэж судлаачид онцолсон байна.

“Шимпанзегийн тохиолдолд тухайн шавж шархыг эмчлэх үйлчилгээтэй нь огт тогтоогдоогүй. Харин манай тохиолдолд эмчилгээний бодистой нь нэгэнт тогтоогдсон ургамлыг орангутан шархаа эдгээхэд ашигласан юм” гэж судалгааг ахалсан Германы Макс Планкийн Амьтны Зан Үйл Судлалын Хүрээлэнгийн доктор Каролин Шуппли тайлбарлажээ.

Ургамлыг эмчилгээнд ашиглах боломжийн талаар хамгийн анхны баримт Нийтийн Тооллын Өмнөх 2200 орчим оны үеийн гар бичмэлд дурдагдсан байдаг гэнэ.

“Ийм зан үйл бий болоход шаардлагатай таних мэдэхүйн чадварууд бидний нийтлэг өвөг дээдсийн үед бий болсон байх магадлалтай. Тиймээс энэ нь маш эрт бий болсон зүйл байх” гэж Шуппли ярьжээ.

“Science Reports” сэтгүүлд нийтлэгдсэн тайландаа түүний баг Индонезын дархан цаазат газарт явуулсан судалгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

Тэдний ажиглалтад байсан Ракус нэртэй эр орангутан нэг өдөр нүүрэндээ гүн шархадсан байжээ. Энэ нь өөр эрэгчинтэй тулгарснаас үүссэн шарх байх магадлалтай байсан гэнэ.

Гэтэл гурван өдрийн дараа “Fibraurea tinctoria” гэж шинжлэх ухаанд тэмдэглэгдсэн ургамлын иш, навчаар Ракус хооллож байгаа нь ажиглагджээ.

“Ракус зажилж эхэлснээсээ хойш 30 минутын дараа хуруугаа амандаа хийж, шүүс аваад шархан дээрээ шууд түрхэж эхэлсэн” гэж судлаачид тайландаа бичсэн байна.

Мич энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтаад зогсохгүй сүүлд зажилсан навчийг шархан дээрээ бүхэлд нь тараан түрхжээ.

Үүнээс хойш тав хоногийн дараа Ракусын шарх аньж, хэдэн долоо хоногийн дараа жижиг сорвиноос өөр мөр үлдээгүй байна.

Ракусын хэрэглэсэн ургамал бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, антиоксидант, өвдөлт намдаах, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодисууд агуулдаг ажээ.

Энэ ургамлыг чихрийн шижин, хумхаа, цусан суулга зэрэг өвчний  эсрэг уламжлалт анагаах ухаанд ашигладаг юм байна.

Ракус энэ аргыг хүнээс олж мэдсэн үү, эсвэл бусад мичнээс сурсан эсэх одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ямартай ч тэр уг ургамлыг ямар зорилгоор ашиглаж байгаагаа мэдэж байжээ.

“Эмчлэх үйлчилгээтэй ургамлаар шархыг эдгээх талаар танин мэдэхүйн чадвар түүнд байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ мэдлэг нь хэр гүнзгий болохыг бид үнэхээр хэлж мэдэхгүй” гэж Шуппли доктор тайлбарласан байна.

 

Эх сурвалж: CNN